Орон сууцны үнийн ерөнхий индекс буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар дөрөвдүгээр сард орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Сүүлийн нэг жилийн хугацааны өөрчлөлтийг харвал нийслэлд худалдаалагдаж байгаа орон сууцны дундаж үнэ 11.2 хувиар буураад байна. Шинэ орон сууцны үнийн бууралт хуучин орон сууцны үнээс харьцангуй

бага байгаа аж. Дөрөвдүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ 0.9 хувиар буурсан бол хуучин орон сууцных 1 хувиар буурчээ. Шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ дөрөвдүгээр сард 2 сая 25 мянган төгрөг байсан аж. Харин хуучин орон сууцыг хоёр өрөө байраар төлөөлүүлбэл зах зээлд дунджаар 80 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ипотекийн зээлийн хүүг тодорхой зорилтот хэсгүүдэд байршлын дагуу ангилж 5 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийн нөлөөгөөр эрэлт дэмжигдэж, бага боловч үнэ өсөх магадлалтайг зарим эдийн засагчид дүгнэж байсан юм. Харин хүлээлтээс өөрөөр харьцангуй буурсан байгааг харж болохоор байна. Дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн судалгаанд Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5019 орон сууцны мэдээллийг хамруулсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top