“Эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгох нь” сэдэвт уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Сүүлийн жилүүдэд олон улсын зүгээс эдийн засгийн өсөлтөөс илүүтэйгээр хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Монгол Улс ч мөн энэ асуудлыг анхааралтай авч үзэж байна.

Өнгөрөгч 2015 онд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” батлагдсан. Уг хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой болгосон ба бодлогын баримт бичгийг цэгцтэй төлөвлөх, хэрэгжилт сайжрах үндсэн нөхцөл тавигдсан юм. 

Мөн 2016 оны 2 дугаар сард УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 05 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг нийтлэг журмыг дагаж мөрдсөнөөр хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа суурь судалгаанд үндэслэх, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглагдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох боломж бүрдэж, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.

Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас  Сангийн яаманд үзүүлж буй “Монгол Улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” техникийн туслалцааны хүрээнд хийгдсэн нийт судалгааны дүнг хэлэлцүүлэх, мөн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх бодлого, ажлыг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Одоо ба ирээдүй”, “Дунд, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалт”, “Хүртээмжтэй өсөлт ба Азийн хөгжлийн банк”, “Төслийн үр дүн, судалгааны ажлын гол дүгнэлтүүд”, “Туршилтын төсөл 1, 2-ын нэгдсэн дүгнэлт”, ”‘Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь, чадавхи бэхжүүлэх ажлын тайлан” зэрэг сэдвээр Сангийн яам, Азийн хөгжлийн банк, “Хүртээмжтэй өсөлт” төслийн холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тус уулзалтад Сангийн яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top