Монгол ардын “Болдоггүй бор өвгөн” гэж нэг үлгэр байдаг. Хурмаст тэнгэр болзоотын бор толгой дээр байдаг өвгөнийг хорлоод ир гэж элч зарлагаа явуулдаг. Гэтэл тэд нь хорлох гэж очоод хорлогдоод буцдаг. Энэ цагийн болдоггүй бор өвгөн нь “Р.Бурмаа” нэртэй болсон юм байх. Харин “Хурмаст” тэнгэрүүд нь Цандэлэг, Чинбат гээд олон нэр, толгойтой болж.
“Хурмаст” тэнгэрүүд Р.Бурмааг хорлохын тулд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн талаар баахан хэрүүл хийсэн ч тусыг эс олов. Харин ч өөрсдөө бусдын элэг доог болоод өнгөрөв. Дараа нь үрийн буудай оруулж ирүүлсэн асуудлаар баахан хэл ам татлав. ОХУ-аас оруулж ирсэн үрийн буудайг нь заруулахгүй байх нь, өөрсдөдөө байгаа үрийн буудайг үнэтэй зарах далд санаатай байсан юм билээ л дээ. ОХУ-аас оруулж ирж буй үрийн буудайг төрөөс 815 мянган төгрөгөөр тариаланчдад олгохоор тогтсон байна. Гэтэл уг үрийн буудайг муулагсад өөрсдийн нөөцөд байгаа үрийн буудайг тариаланчдад тонн тутмыг нь нэг саяас давуулж зарж ашиг олох гэсэн явуургүй санаагаа л гүйцээх гэсэн юм билээ. Даанч их санасан газар есөн шөнө хоосон гэгч нь болов.
Олон улсын хэм хэмжээнд нийцүүлж, хяналт шалгалт хийгээд оруулж ирсэн үрийн буудайг “шалгах ёсгүй” газруудаар нь шалгуулах гэж гүйв. Шалгаад хариу нь онц сайн. Бүр сүүлдээ “Бурмааг будаа болгоод ир” гээд хүчний байгууллага буюу цагдааг явуулж. Нөгөө “цагдаа” нар нь үрийн буудайг нь шалгах гээд аваад явж. Долоо хоног “харанхуй нүхэнд хорьж, хамаг чийгийг нь алдуулж, чанарыг нь үгүй болгож” байгаад шалгуултал дахиад л онц сайн. Хэрэг мөрдөх төрийн цагдаа “Үрийн буудайг” ийнхүү хорьж, цагдаж баахан байцааж. Төрийн цагдаа “үрийн буудайг байцаасан ч” Р.Бурмааг буруутгах сэжүүр олсонгүй. Ийнхүү буудай шалгаад булайгаа дэлгэж, эрхэлсэн ажлаа мэдэхээ больсноо иргэдэд харууллаа. Эрх мэдэлтнүүдийн өмнө бөхөлздөг болсон төрийн цагдааг “Хурмаст” тэнгэрүүд илгээсэн сураг гараад байгаа аж.
Үрийн буудайг тойрсон асуудлын улмаас тариаланчид л хохиров. Тариа тарих цаг болоод байдаг. “Хурмаст” тэнгэрүүд өөрсдийнхөө эрх ашгийг урьтал болгож Р.Бурмааг хорлох гэхээсээ илүүтэй тариаланчид, цаашилбал нийт ард түмний эрх ашгийг хорлов. Р.Бурмаагаас гадна үрийн буудайг өөрсдийн хөрөнгөөр оруулж ирсэн гурван компани эрсдлээ дааж сайн чанарын үрийн буудайгаар тариаланчдыг хангах гэсэн биш “Хурмаст” тэнгэрүүдэд давхар баалуулаад авав.
Уг нь ХХААЯамнаас үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх хүсэлтийг нээлттэй зарласны дагуу “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгж эрхээ авсан байна. Өдгөө оруулж ирсэн компанийн захирал “... Юу гэж л өөрсдөө мөнгө гаргаж эрсдэл үүрэн байж чанаргүй үрийн буудай оруулж ирж таван цаасаа салхинд хийсгэхийг бодох вэ дээ бид.” хэмээн халаглаж байна. Үүнээс “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн улаан буудайг чанартай, чанаргүй гэх Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн МХГ-ын байцаагчдын зөрүүтэй дүгнэлт гарснаар уг маргаан эхэлсэн аж.
Хуулийн дагуу Дархан-Уул аймгийн МХГ-аас нийт 29 вагонд ачигдсан буудайны 21 вагонаас нь дээжийг дөрвөн ч удаа авч, МХЕГ-ын төв лабораторид шинжлэхэд “Алтайская жница” сортын үрийн буудай нь хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай гэсэн дүгнэлт гарчээ. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр чанартай үр гэсэн дүн гарчээ.
Хил хорио цээрийн хяналтын улсын байцаагч н.Болормаа ярьж байна. Оросын талаас ургамлын эрүүл ахуйн болон тохиролын гэрчилгээтэй, үрийн зөөлөн улаан буудай гэсэн тодорхойлолттой, 2015 оны ургац мөн гэсэн дүгнэлттэй орж ирсэн үрийн буудай юм. Энэхүү үрийн буудайд Сэлэнгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар дүгнэлт гаргах ёсгүй. Гэвч тэд хууль зөрчиж дээж авсан ч дүгнэлт нь чанарын шаардлага хангана гэж гарсан байгаа гэж тэд хэлсэн юм.
Том хөрш жижиг Монголд шаар шавхруугаа нийлүүлж, хуншгүй зан гаргана гэж “Хурмаст”-ууд яаж бодож чадав аа. Ядаж байхад төрийн цагдаа нь учрыг нь мэдээгүй байж, өөрсдөө шинжилж чадахгүй байж гүйж очоод хутгалдаж л байдаг. Их нарийн ярьвал хөрш улсынхаа эсрэг төрийн цагдаатайгаа нийлээд “дүвчигнэсэн” л хэрэг юм даа. Даанч том улс иймхэн юманд барьц алдахгүй хувийнхаа амбицад идэгдсэн хэдэн Монголыг өрөвдөөд өнгөрөх шиг боллоо. Өөрсдийн эрх ашгийн төлөө улс орныхоо эрх ашгийг хөсөрдүүлэх гэсэн “хурмаст”-уудын санаа үнэнд гүйцэгдэж, тариаланчид үрийн буудайгаа авч эхэллээ.
ХХАА-н сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөтөл дэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцаж, тариаланчидтай уулзаж, тариаланчдад үрийн буудай олгож эхлэв. Төв аймгийн Угтаал-Цайдамын “Ёл тариа” ХХК-ийн тариаланч П.Галбадрах “Одоогоор 300 гаруй га-д тариалалт хийгээд байна. Үрийн асуудлаас болоод тариалалт хоцорч байгаад санаа зовж буй ч чийгшилт сайтай тул гайгүй ургац авна гэсэн итгэл байгаа шүү. Өнөөдөр үрийн буудай ирж байгаад баяртай байна. Уг нь саад дамжилга бага байдаг бол сайн байна. Тариаланч бидэнд хугацаандаа тариалалт хийх л хамгийн чухал байдаг. ОХУ-аас орж ирж буй үр чанартай, ургах боломж сайтай байгаа талаар тариаланчид ам сайтай байна. Тиймээс хэрэг болгож авахаар зорьж ирээд дугаарлаж байна. Төр засгаас тариаланч бидэнд үрийн хөнгөлөлт, бордоо түлш гээд олон талын тусалалцаа үзүүлдэгт талархаж явдаг” гэж байсан юм.
Ийнхүү дөрөвдүгээр сарын 19-нд орж ирсэн үрийн буудай бусармаг явдалтнуудын гайгаас болж тавдугаар сарын 14-нд л тариаланчдад олгогдож эхэллээ. Сарын өмнө олгогдчих буудай ийнхүү сарын дараа л газрын хөрсөнд ургах эрхээ авлаа. Хомхой зан, өөрсдийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр эрэмбэлсэн “Хурмаст”-уудад тариаланчдын эрх ашгийг хохироосон, Р.Бурмааг гүтгэсэн, үрийн буудай нийлүүлсэн гурван компанид хохирол учруулсан хариуцлагыг хэн, хэрхэн тооцох вэ. Учир нь цагдаагаар шалгуулсан “Үрийн буудай” ургах хоногоос нь хороосон цагдаа нарт гомдолтой байгаа юм билээ. Ийнхүү хурмастуудын явуулсан элч нар буруудаж, идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ургах гэдэг үг үнэн болов. Сайн чанарын үрийн буудай тариалахаар болсон тариаланчид ирэх намар ургац арвин байж, баяртай учрахын өлзийтэй ерөөлөөр Р.Бурмаа сайдыг үдэж байлаа. Харин одоо “хурмаст”-уудад Р.Бурмааг буруутгах өөр шалтаг, илгээх элч байгаа болов уу.
Сэтгэгдэл ( 0 )