“Саусгоби сэндс”-д шүүхээс ногдуулсан 35.3 тэрбум төгрөгийг бүрэн төлүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ.

 “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.

Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр  авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top