МУБИС-ийн оюутан хүзүүндээ хутгалуулан амиа алджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

Өнгөрсөн ням гарагийн өглөө /2016.05.15/ МУБИС-ийн оюутны тавдугаар байранд Б гэх гэх эмэгтэй хутгалуулсан байдалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, талийгаач нь тус сургуулийн дизайны дөрөвдүгээр курсын оюутан байсан бөгөөд сургуулийн дотуур байранд амьдардаг байжээ.

Тэрбээр нас барахаасаа өмнө нөхөр Т-ийн хамт оюутны дотуур байглуугаа орсон ч таван минут орчмын дараа хувцас нь бүхэлдээ цус болж, хүзүүндээ хутгалуулсан байдалтайгаар бууж ирээд удалгүй амьсгал хураасан байна.

Тухайн үед жижүүр, оюутнууд үймэлдэж дээш өрөө рүү нь очтол нөхөр Т нь цусандаа будагдан хэвтэж байсан аж. Түүний хувьд биеийн байдал нь тун хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ.

Талийгаач Б-ийн хувьд сургуулийнхаа сурлагатай сайн оюутнуудын нэг байсан бөгөөд хэдхэн хоногийн дараа дипломоо гардан авах байсан хэмээн сургуулийн удирдлагууд хэлжээ. 

Хэргийн талаар өөр нэгэн эх сурвалж мэдээлэхдээ уг хэрэг гарахаас өмнө талийгаач Б-г нөхөр нь хардаж, маргалддаг байсныг хэлжээ. Талийгаач ой найман сартай хүүхэдтэй байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө эгч рүүгээ “Хүүхдийг минь сайн хүн болгож өсгөөрэй” гэсэн утга бүхий зурвасыг илгээсэн аж.

Хэрэг гарсан оюутны байр МУБИС-ийн төв байрны зэргэлдээх “Сонор” плаза төвийн чанх ард байрладаг бөгөөд уг байранд нийт 350 орчим оюутнууд амьдардаг байна. Уг хэрэгтэй холбоотойгоор болон жил бүрийн хавар оюутнууд хэрэгт өртөх нь ихэсдэг учир сургуулийн захиргаанаас төгсөх курсын оюутнуудын төгсөлтийн баярыг хийлгэхгүй байгаа аж. 

Эх сурвалж: Today.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top