Боловсруулаагүй газрын тосны экспорт 14 хувиар өслөө

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар боловсруулаагүй газрын тосны экспортын хэмжээ 2.9 орчим мянган баррель болж, өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн байна. Харин үнийн дүнгийн хувьд 20 хувийн ашигтай 100 орчим сая ам.доллар болжээ. Сүүлийн үед газрын тосны үнэ унаж байгаатай холбоотойгоор экспортын орлого буурах болсон юм. Экспортын оргил үе болох 2014 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтээс харахад энэ оноос экспортын биет хэмжээ гуравны нэг дахин бага байсан ч орлогын дүн нь хоёр дахин өндөр байсан байжээ. Харин олборлолтын хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй байна. Олборлолтын хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" болон "Доншен Газрын Тос Монгол" компани Монгол Улсад олборлолт явуулж байгаа аж. 2014 оны мөн үед газрын тосны ханш баррель нь 100 ам.долларыг шүргэж байсан бол өнгөрсөн онд 30 ам.доллар болж буурсан юм. Одоогоор үнэ нь эргээд 47 ам.долларын түвшинд хүрээд байна. Ханш ийнхүү унасантай холбоотойгоор салбарын хэмжээнд хайгуулын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр буураад байгаа ажээ. Сүүлийн жишээгээр Богд 4, Онги 5 талбайд “Petro Matad” компанитай хамтран эрлийн ажил хийж байсан “Royal Dutch Shell” компани Монголоос гарч байгаагаа зарласан юм. Энэ нь Богд 4, Онги 5 талбайн төлөв байдал нөлөөлөөгүй, зах зээлийн байдалтай уялдсан компанийн удирдлагын шийдвэр гэсэн утгатай мэдэгдэл гарсан байна. Монгол Улсад хайгуул явуулж байсан бусад компаниудаас “Wolf Petroleum” компани хүндхэн байдалтай байгаа бөгөөд тус компани Сүхбаатар, Баруун-Урт, Жинст гэсэн гурван талбайд эрлийн ажил явуулах эрхтэй аж. Тус компани Сүхбаатар талбайд БНХАУ-ын компанитай хамтран ажиллахаар хэлэлцээ хийж байгаа гэж мэдээлж байсан юм. Гэрээний ерөнхий нөхцөлүүд дээр талууд тохиролцоод байгаа боловч газрын тосны ханшийн улмаас гэрээ байгуулах хугацаа сунжирч байгааг компанийн зүгээс онцолжээ. Түүнчлэн “MNP Petroleum” компани ч хамтрах түнш хайсаар байгаа боловч төдийлөн амжилт олоогүй байна. Үүнээс гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юу Тиан" компани зах зээлийн байдалтай холбоотойгоор энэ онд хайгуул явуулах боломжгүй" гэдгээ “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн тодруулгадаа онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top