Төсвийн орлогыг энэ оны баталсан төсвөөс 208 тэрбум төгрөгөөр доогуур тооцжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 23

Ирэх оны улсын төсвийг алдагдалгүй батлахаар тооцож төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгаснаар, Төсвийн нийт орлогыг 6.8 их наяд буюу энэ оны баталсан төсвөөс 208 тэрбум төгрөгөөр доогуур тооцсон байна. Харин нийт зарлагыг 6.6 их наяд төгрөг буюу энэ оны баталсан төсвөөс 1.3 их наяд төгрөгөөр танаж боловсруулжээ. Ингэснээр төсвийн алдагдлыг тэг хувь байхаар тооцож байна. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны Монголын эдийн засгийн өсөлтийн төлвийг 3.4 хувь байхаар төсөөлж байна. Төсөлд онцолсноор 2017 онд мал аж ахуйн салбарын өсөлт 8 хувь байхаар төсөөлж байгаа бол хөдөө аж ахуйн салбарыг 8.1 хувиар өснө гэж тооцсон байна. 2017 оноос “Оюу Толгой”-ийн ил уурхайн олборлолтын зэсийн баяжмалын хэмжээ буурахаар байгаа учраас уул уурхайн салбар 2017 онд 6 хувиар буурах төлөвтэй байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд импортыг орлох, экспортыг дэмжих бодлогын үр дүнд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван үйлдвэр 2014-2015 онд ашиглалтад орсноор 2017 онд дотоодын цементийн хэрэгцээг хангахаар тооцож байна. Мөн махны экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2017 онд дунджаар 25-30 мянган тонн мах үйлдвэрлэхээр тооцоолжээ. Ийнхүү боловсруулах салбарын үйлдвэрлэл 2017 онд 10.4 хувиар өсөхөөр тооцоод байна. 2014-2015 онд хийсэн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 2016-2017 онд Амгалангийн ДЦС, ДЦС-III болон IV бүрэн хүчин чадлаараа ажиллахаар байна. Хөдөө аж ахуйн салбар, боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлтийн нөлөөллөөр тээвэр агуулахын үйлчилгээний салбар 9.7 хувиар, бөөний болон жижиглэн худалдааны салбар 3.9 хувиар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбар 3.1 хувиар тус тус өсч, үйлчилгээний салбар нийт дүнгээрээ 4.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. 2017 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлвийг Олон Улсын Валютын Сан 2.5 хувь байхаар харж байгаа бол Дэлхийн банк 2.7 хувь, Азийн Хөгжлийн банк 0.5 хувь, Сангийн яам 3.4 хувь байна гэж урьдчилан төсөөлж байна.

Bloombergtv.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top