Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна.
Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 212.1 мянган га-д үр тариа үүнээс 203.2 мянган га-д улаанбуудай, 6.9 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо, 11.3 мянган га-д малын тэжээл, 8.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 231.6 мянган га-д тариалалт хийж, тариалалтын явц 60.1 хувьтай байна.
Үр тарианы тариалалт 65.7 хувьтай яваа бол төмс 51.6 хувь, хүнсний ногоо 35.0 хувь, тэжээлийн ургамал 7.9 хувь, тосны ургамлын тариалалт 34.7 хувьтай тус тус явагдаж байна.
Харин өмнөх оны мөн үеийн түвшингээс нийт тариалалт 8.3 хувь, үр тарианы тариалалт 8.6 хувь, улаанбуудайн тариалалт 6.4 хувиар тус тус ахиу явагдаж байгаа юм.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.
Үр тарианы тариалалтыг энэ сарын 27-ны дотор, төмсийг 5 дугаар сарын 20-ны дотор, бусад таримлын тариалалтыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )