Энэ оны I улирлын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 1.9 сая орчим төгрөг байгаа талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Хэдийгээр уул уурхайн салбар уналттай байгаа боловч энэ салбарт ажиллагсдын сарын дундаж цалингийн хэмжээ хамгийн өндөр хэвээр байгаа төдийгүй дундаж цалин нь өсчээ. Өнгөрсөн оны мөн үед уул уурхайн салбарынхан сард дунджаар 1.78 орчим сая төгрөг авдаг байсан бол энэ оны I улирлын байдлаар энэ нь бага зэрэг өсч, 1.9 орчим сая төгрөг болсон байна. Уул уурхайгаас гадна олон улсын байгууллага, санхүүгийн салбар, тээвэр, агуулах, техникийн үйл ажиллагаа, цахилгаан хий зэрэг салбарт ажиллагсдын сарын дундаж цалин нэг сая төгрөгөөс дээш байгаа юм. Хэдий тийм боловч ерөнхий үзүүлэлтээр нь аваад үзвэл бүхий л салбарт ажиллагсдын дундаж цалин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хамгийн бага цалинтай хэсэгт зочид буудал, байр орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан орж байгаа бөгөөд сарын дундаж цалин нь 570 орчим мянган төгрөг байсан бол одоо 585 орчим мянган төгрөг болжээ. Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 15.4 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн хооронд цалинтай байгаа бол 3.6 хувь нь нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн хооронд цалин авч байгаа аж. Харин 9.8 хувь нь нэг сая 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай байгааг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээ.
Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг ерөнхийд нь харахад тавдугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 9200 орчим иргэн шинээр ажилд орсон байна. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33.7 мянга байгаа нь 2015 оны мөн үед 32 мянга байсантай харьцуулахад өсчээ. Хэдий тийм боловч сүүлийн найман жилийн дундажтай харьцуулахад харьцангуй бага тоо болж байна.
Сэтгэгдэл ( 0 )