Л.Наранбаатар: АН-аасаа гарсан ч ардчиллын төлөө тууштай зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 08

            Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар бие даан нэр дэвших үнэмлэхээ гардан авлаа.

Тэрээр УИХ-ын 45-р тойрог буюу Дархан-Уул аймгийн Шарын гол, Дархан сумын 1, 2, 3, 18 дугаар баг, Орхон, Хонгор суманд нэр дэвшиж байгаа юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн ордонд болсон Эдийн засгийн чуулганы төгсгөлд Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэн, олны анхаарлын төвд орсон юм.

З.Энхболд эдийн засгийг “нугасалсан” гол хүмүүсийн нэг гэж боддог. Гэтэл эдийн засгийн чуулганы хаалтыг хийхдээ эдийн засгийг хөгжүүлэх талаар ярихад нь ой гутсан.

-Намаас яагаад гарах болов?
-Намаасаа нэр дэвших хүсэлтэй байсан. Гэвч намаа шинэчлэх хөдөлгөөнийг тэргүүлдэг, намын даргынхаа бодлогод шүүмжлэлтэй ханддаг зэрэг асуудлаас болоод АН-аас дэвших боломжгүй болсон. Эдийн засгийн чуулганы дараа З.Энхболд дарга намайг намаас хөөсөн гэж олон нийтэд мэдэгдсэн. Тийм болохоор намаас гарч, бие даан нэр дэвшиж байна. АН-аасаа гарсан ч ардчиллын төлөө тууштай зүтгэнэ.

-Нэр дэвших шийдвэрээ хэзээ гаргав?
-Намын нөхөд, Дархан-Уул аймгийн иргэдээс надад олон удаа санал тавьж байсан. Дэвшээчээ, бид дэмжинээ гэж. Манай уул уурхайнхан ч салбарын төлөөлөл төрд хэрэгтэй байна гэж хэлдэг. Дархан-Уул аймаг өөрөө уул уурхай, аж үйлдвэрийн гол бүс нутаг. Би Шарын голын уурхайн тосгонд төрж өссөн.

Уул уурхайн салбарыг зөв, хариуцлагатай хөгжүүлэх талаар байнга боддог, тодорхой ажлуудыг ч хийсээр ирсэн. Энэ салбарт хийх зүйл их бий, бодож төлөвлөсөн ажлууд байгаа. Өнгөрөгч оны төгсгөлөөс улстөрчдийн дунд хийгдсэн социологийн судалгаануудаар Дархан-Уул аймагт миний нэр тогтмол дээгүүр гарч ирж байсан. Эдгээр хүчин зүйлсийг харгалзан  дэвших шийдвэрээ гаргасан.

-Таныг оймс Наранбаатар гэж дуудах болсныг яаж хүлээж авдаг вэ?
-Би үүнд огт эмзэглэдэггүй. Та анзаарсан бол тухайн үед хүмүүс оймс шидсэн үйлдэлд нь биш миний хэлсэн үгэнд ач холбогдол өгч дэмжиж байсан. Би бодит байдлыг л хэлсэн.

-Тэр өдөр УИХ-ын даргын индэр дээрээс хэлсэн үгэнд уурссан юм уу. Эсвэл ер нь л УИХ-ын даргыг эсэргүүцэж, оймсоо шидсэн юм уу?
-УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийг “нугасалсан” гол хүмүүсийн нэг гэж боддог. Гэтэл эдийн засгийн чуулганы хаалтыг хийхдээ эдийн засгийг хөгжүүлэх талаар ярихад нь ой гутсан. Урт нэртэй хууль, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах тухай хууль, гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль гэх мэт эдийн засгийг сөхрүүлсэн олон хуулиудыг батлахад идэвхийлэн оролцсон хүн шүү дээ.

Тэгээд зогсохгүй Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулах ажлыг “хумсаа нуун” зохион байгуулж, өөрөө намын дарга болчихоод Шийдлийн Засгийн газрыг ч ажил хийлгээгүй. Эдгээр үйлдлүүд өнөөгийн хямралд нөлөөлсөн гол шалтгаан нь. Ард түмэн энэ хүмүүсийг, ялгаж ойлгож ухаарч хараасай. Ийм улстөрчдийг дахин битгий төрд гаргаасай гэсэндээ тийм үйлдэл хийсэн.

Ядуу тарчиг амьдарч байгаа ард иргэдийн өмнөөс би оймс шидсэн. Өөрөөр би бухимдлаа яаж илэрхийлэх ёстой байсан юм бэ?

-Одоо энэ үйлдэлдээ харамсдаг уу?
-Монгол хүн төрөө дээдэлдэг. Төрийн ордондоо ийм үйлдэл хийсэндээ ард түмнээсээ уучлал гуйсан. Харин эдийн засгийн алуурчдаас бол уучлал гуйхгүй, цаашид ч тэмцэнэ. Гэхдээ би тэмцлээ эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга аргачлалаар өрсөлдөж үргэлжлүүлнэ.

-УИХ-ын дарга руу оймс шидсэний дараа дарамт шахалт ирсэн үү?
-Тодорхой хэмжээнд дарамт байсан. Тэрийг энд яриад яах вэ. Гэхдээ нийгмийн дэмжлэг тэдгээр дарамтаас илүү өндөр байсан учраас тэд яаж ч чадаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top