Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдааны нэг болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа байгаа бөгөөд өчигдөр болсон Удирдах ажилтнуудын хурлаар уулзалтын үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна.
Энэхүү хуралдааны зорилго нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, Сангийн сайд нарын уулзалтын хөтөлбөр болон Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтаас батлан гарах Тунхаглалын төслийг хэлэлцэн, эцэслэх юм.
Хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтыг “Ази-Европын таатай харилцааны төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгааг цохон тэмдэглээд Ази-Европын Сангийн сайд нарын уулзалт нь АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 12 дугаар уулзалтад түнш 42 орон болон 13 олон улсын байгууллагын тэргүүнүүдээс бүрдсэн нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байгааг дурдсан байна.
Ази-Европын Сангийн сайд нарын Удирдах ажилтнуудын хурлаар Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтыг Ази, Европын бүс нутгийн макро эдийн засгийн хөгжлийн өнөөгийн тойм, цаашид эмзэг байдлыг бууруулж, өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын сонголтууд, макро эдийн засгийн сорилтуудыг давахад АСЕМ-ын гишүүн орнуудын гүйцэтгэх үүрэг, болзошгүй санхүүгийн хямралаас сэргийлэхэд гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны оруулах хувь нэмэр, Ази, Европ хоёр тивийн худалдааг түргэвчлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гишүүн орнуудын хүлээх үүрэг, боломж болон Ази, Европын хоорондох дэд бүтцийг сайжруулах, ажил эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн ялгааг арилгах зэрэг зорилгуудын хүрээнд гурван дэд хуралдаан зохион байгуулахаар хөтөлбөрийн төсөлд тусган эцэслэсэн байна.
Мөн энэхүү хурлаар хоёр тивийн эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар хурлаар батлах Тунхаглалын төслийг амжилттай хэлэлцэж, сайд нарын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.
Ийнхүү Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын Удирдах ажилтнуудын хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын салбар хуралдааны нэг болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт өнөөдөр Сангийн сайд нарын уулзалтаар үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )