Энэ сарын 7-8-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдсан Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын “Белагро-2016” Олон улсын үзэсгэлэнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Төрийн банкны бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Л.Жамбасүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон нийт 26 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ үеэр Беларусь улс өөрийн хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бараа бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд танилцуулсан юм.
Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковтой уулзаж Беларусийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг Монголын арилжааны банкуудаар дамжуулан санхүүгийн нэн тааламжтай нөхцөлөөр нийлүүлэхээр санал солилцож, тохиролцоонд хүрсэн юм.
Мөн Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд А.М.Субботинтай хоёр талын уулзалт хийж Монгол-Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлаар баталсан хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016-2018 онуудад хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ажил хэрэгч саналуудыг дэвшүүлэн хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )