Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний "Цэций" төсөлд 25 сая ам.доллар хүртэл барьцаат санхүүжилт олгох болсон байна. 50 мегаваттын хүчин чадалтай "Цэций" салхин цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулахаар Clean Energy Asia компани ажиллаж байгаа юм. Нийт үнэлгээ нь 120 сая ам.доллараар хэмжигдэх энэ төслөөр 700 га талбайг хамрах талбайд 25 салхин цахилгаан үүсвэр болон цахилгаан дамжуулах дэд бүтэц барьж байгуулна. Төсөл хэрэгжсэнээр нийт 180 мянган тонн нүүрсний хэрэглээг орлож, жилдээ 1.2 сая тонн ус хэмнэнэ гэж Clean Energy Asia компани тооцжээ. Тус компани нь "Цэций" төслөөс өмнө Салхитын салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, Newcom Group болон SB Energy-ийн хувь нийлүүлсэн компани юм.
Сэтгэгдэл ( 0 )