“Дулааны цахилгаан станц III” төрийн өмчит хувьцаат компанийн техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшинтэй ярилцлаа.
-Бондын санхүүжилтээр танай станцад ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ? Өмнө нь ямар байсан бэ?
-Манай станц дээр 50 МВт-ын өргөтгөлийн ажил хийгдсэн. Энэ өргөтгөл 2013-2014 онд амжилттай хэрэгжсэн. Төсөл хэрэгжихээс өмнө манай станц жилдээ 6.3 тэрбумын алдагдалтай ажилладаг байсан юм. Төсөл хэрэгжсэнээр жилдээ 1.6-2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Мөн манай борлуулалтын үнэ 15 орчим төгрөгөөр буурсан. Энэ нь эрчим хүчний системийн алдагдлыг тэглэхэд чухал нөлөө үзүүлсэн.
-Өргөтгөснөөр хэдэн айлыг нэмж эрчим хүчээр хангах чадалтай болов?
-Жилдээ 122 мянга таван зуун айлыг эрчим хүчээр хангах чадалтай. Дулааны хангамжийн хувьд манай станц өвлийн ид ачааллын үед Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглэгчдийн 40 хувийг хангаж байна.
-Өмнө нь их ачааллын үед хүндхэн байсан уу?
-Тийм шүү. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө 2012, 2013 онд өвлийг нэлээн хүнд давдаг байсан. Учир нь бүх тоноглолуудаа ажиллуулдаг, маш эрсдэлтэй байсан. Бэлтгэл тоноглол байдаггүй, хэрэглэж байгаа тоноглол 40, 50 жил ашиглаж элэгдэлд орсон гээд асуудал их байлаа. Энэ тоноглол зогсвол шууд хэрэглэгчдэд цахилгаан, дулааны хязгаарлалт үүсэх эрсдэлтэй байсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна эрсдэлээс хамгаалах нэг том хөшүүрэг болж байгаа юм.
Н.Баяр
Сэтгэгдэл ( 0 )