С.Цэлмэг: Бондын санхүүжилт нүүрсний тээврийн компаниудын цаг, мөнгийг хэмнэж чадсан

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 24

Эрдэнэс Монгол” компанийн  дэд захирал С.Цэлмэгтэй ярилцлаа.

Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх авто замыг “Энержи ресурс”-аас бондын санхүүжилтээр худалдаж авсан. Энэ замыг худалдаж авснаар ямар давуу тал үүссэн бэ?

   Бондын эх үүсвэрийн багагүй хувийг “Эрдэнэс Монгол” компани авч энэ төслийг хэрэгжүүлсэн л дээ. Төслийг “Энержи ресурс”-ийн охин компани “Говийн зам” анх эхлүүлсэн байдаг юм. Тухайн компанийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан зам. Концессын гэрээгээр арван жилийн дараа улсад хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьсан байдаг. Замыг  барьсных нь дараа бид 2014 онд худалдаж авсан. Төрөөс гаргасан шийдвэр л дээ. Худалдаж авах болсон гол шалтгаан бол байгаль орчны бохирдлыг бууруулах, нүүрсний экспортыг дэмжихэд чиглэсэн. “Говийн зам” компани өндөр үнээр зам ашиглуулж байсан учраас  нүүрсний компаниуд, аж ахуй нэгжүүд тэр замаар төдийлөн явж чаддаггүй байлаа. Замын хажуугийн шороон замаар явж тээвэр хийж байсан юм. Экологид ноцтой хохирол учруулж байсан учраас төрөөс шороон замаар тээвэр хийх асуудлыг зогсооё, бүх тээврийн хэрэгслийг авто зам дээр зорчдог болгоё гэж зорьсон. Нөгөө талаар авто замаар тээвэр хийвэл  эргэлт хурдасч,  экспортоо нэмэгдүүлэх  боломжтой. Товчхондоо тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төр энэ замыг худалдаж авсан гэсэн үг.

Ингэснээр тээврийн компаниудад эдийн засгийн хувьд ямар бодит өөрчлөлт гарч байна вэ?

Шороон замаар тээвэр хийхэд 18 цаг зарцуулдаг. Засмал замаар тээвэр хийснээр энэ хугацааг 10 цаг болгож, найман цагаар танаж чадлаа. Цаг хэмнэнэ гэдэг бол  шатахуун, мөнгө хэмнэнэ гэсэн үг. Шороон замаар тээвэр хийхэд техникийн гэмтэл их гардаг. Наад зах нь дугуй нэлээд элэгддэг. Ингэснээрээ машины эвдрэл гэмтэл багасч, техник засварт зарцуулдаг мөнгө хэмнэгдэнэ гэдэг бол том давуу тал.  Тээврийн компаниуд шороон замаар нүүрс тээвэрлэдэг байхад осол их гаргадаг байсан.  Манарсан тоос, шороон дунд давхиж байгаа учраас өмнө нь  яваа машиныг харах ямар ч боломжгүй. Ийм шалтгаанаар осол тасардаггүй байсан бол одоо тэр асуудал шийдэгдсэн.  Экологи талаасаа  олон талын ач холбогдолтой. Хөрсний элэгдэл, тоосжилт зэрэг асуудлыг шийдэж тэр хавийн иргэд  эрүүл, аюулгүй орчинд аж төрөх бололцоотой болсон.

Өмнө нь энэ замаар нүүрс тээвэрлэхэд  хэдэн төгрөгийн төлбөртэй байсан юм бол?

Тээврийн машинууд тонн тутамд дөрвөн ам. доллар буюу 320 орчим мянган төгрөг нэг удаагийн явалтандаа төлдөг байсан юм. Үүнийг бид 1.5 ам.доллар болгож бууруулсан. Шороон замаар мөнгө төлөлгүй яваад дадал болчихсон жолооч нар эхлээд  мөнгө төлөх хүсэлгүй байсан л даа.  Шороогоороо явчихъя гэдэг хандлага хүчтэй байсан. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд тарифыг буулгасан юм.  Өмнөговьд  орон нутгийн иргэд, тээврийн компаниудын хүсэлтээр тарифыг бууруулж, шороон замыг хаах шийдвэрийг Зам тээврийн сайд 2015 оны 11 дүгээр сард гаргасан. Маш зөв шийдвэр болсон гэж боддог.

 Н.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top