“Альфа филтер” компанийн менежер Ж.Ариунаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай компани бондоос авсан зээлээрээ машины агаар шүүгч үйлдвэрлэж байгаа юм байна. Танай агаар шүүгчийг бүх төрлийн машинд хэрэглэж болох уу?
-Манай компани 180 орчим төрлийн авто машины агаар шүүгчийг үйлдвэрлэж байна. Бидний үйлдвэрлэсэн агаар шүүгчийг суудлын машинаас бусад бүх төрлийн машинд хэрэглэх боломжтой. Машины агаар шүүгчийг зуун хувь импортоор оруулж ирдэг байсныг бодоход маш том дэвшил шүү.
-Үйлдвэр чинь хэвийн ажиллаж байгаа юу?
-Үйлдвэрийн маань үйл ажиллагаа хэвийн явж байгаа.
-Жолооч нар хэр ам сайтай байна вэ?
-Манай агаар шүүгчийг хэрэглэсэн жолооч нар их ам сайтай байгаа. “Монголчууд юмыг хийж чаддаг болжээ” гэсэн магтаал байсхийгээд л сонсдог юм (инээв).
-Тэгэхээр хэрэглэгчид ихтэй л байгаа юм байна?
-Тийм шүү. Хувь жолооч нараас гадна томоохон байгууллагууд гэрээ байгуулж худалдан авалт хийж байна.
-Үнэ өртгийн хувьд импортын агаар шүүгчээс хямд байж чадах уу?
-Гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнээс харьцангуй хямд. Чанарын хувьд ялгаагүй хэр нь үнэ хямд учраас хүмүүс их авч байна.
-Бондынх шиг хүү бага, хугацаа урттай санхүүжилт үйлдвэрлэгчдэд зайлшгүй хэрэгтэй дэмжлэг мөн үү?
-Бондын санхүүжилтыг үйлдвэрлэл рүү чиглүүлсэн нь маш зөв шийдвэр болсон. Бондын санхүүжилтээр бодлогоор дэмжсэн учраас үйлдвэрлэл салбар бүртээ эрчимтэй хөгжиж эхэллээ шүү дээ. Харин одоо нэгэнт сэргэсэн үйлдвэрлэлээ унагаахгүйн төлөө бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )