МОНГОЛ УЛС ЭНЭ ОНД 600 МЯНГА ОРЧИМ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВНА

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 01

Монгол Улс энэ онд 600 мянга орчим жуулчин хүлээж авна гэсэн тооцоотой байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. I улиралд гэхэд нийт 49 мянга 600 орчим жуулчин буюу 8 орчим хувийг нь хүлээж авчээ. Харин зуны улиралд жуулчдын тоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын байдлаар Монгол Улсыг зорьсон гадаадын жуулчдын тоо 30.5 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 1900-аар илүү байжээ. Үүнээс БНХАУ, ОХУ, БНСУ-ын жуулчид хамгийн их хувийг эзэлж байгаа аж. Ялангуяа Монгол болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш ОХУ-аас ирэх жуулчдын тоо огцом өсчээ. Гадаадын иргэдийн хувьд ан агнуурын чиглэлээр жуулчлах сонирхол ихтэй байдаг бөгөөд угалз, янгир, бор гөрөөс, зээр, шонхорын ан хийх зөвшөөрлийг олгодог байна. Зөвхөн аргаль, угалз агнах зөвшөөрлийг гэхэд 20 мянган ам.доллараар олгодог талаар салбарын яамнаас мэдээллээ. Хэдий тийм боловч аймгуудын төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосноор Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймгийг зорих тогтмол нислэгүүд байхгүй болсон нь жуулчдад хүндрэл учруулж байгаа талаар салбарынхан мэдээлэв. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллагчдын тоо ч тэлдэг. Тухайлбал зөвхөн өнгөрсөн онд л гэхэд аялал, жуулчлалын 79 компани дотоодын жуулчлалд зориулж 111, гадаадаас ирсэн жуулчдад зориулж 4250 орчим аялал зохион байгуулсан байдаг. Үүнтэй уялдаад нийт 550 орчим байнгын ажилчидтай байсан талаар Монголын аялал, жуулчлалын холбооноос мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top