Монгол төрийн парламент юутай ч бүрдэж чадлаа. Хэл амтай, хэрүүл тэмцэлтэй байсан ч 76 эрхэм маань тангарагаа өргөж, УИХ-ын гишүүний сандалдаа тухалжээ. Хэдийгээр нэг нам дангаар ноёлсон парламент бий болсон ч монголчууд ойрын хэдэн жилдээ л уйдахгүй шинжтэй. Учир нь зохиолын дууны ханхүү эх оронч хөвүүн С.Жавхлан эхний өдрөөсөө л олны анхаарал татаж эхлэв.
99 морьтон дагуулсаар хундан цагаан дээл, бор морь унасаар тэрбээр Төрийн ордонд гишүүний тангарагаа өргөхөөр ирж олны анхаарлыг татав. Дуулж эхэлсэн цагаасаа л эх орон, элгэн түмэн хамаг монголчуудынхаа төлөө тэмцэж яваа түүнийг эх оронч хэмээн дуудах болжээ.
Гэвч өмнөх парламентад суусан цөөнгүй эх орончид сүүлдээ популист болж, хэн ч биш болоод суудлаасаа буусныг С.Жавхлан гавьяатад сануулахгүй өнгөрч боломгүй юм. Ард түмний нүд чих нь байж, нэг намын дарангуйлал тогтсон парламентад зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж, багахан шоудаж ажиллаарай гэж хүсье. Тэгвэл эх оронч хөвүүний хажууд энэ танхимд нэг удаа суугаад үзчихсэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү пудволктой тангараг өргөхөөр ирсэн нь олны шүүмжлэл хүртэх шалтгаан болов.
Монгол төрөө хүндэлж дээл биш юм гэхэд ядахдаа албаны хувцастай ирж болсонгүй юу, энэ хүн бизнесийн уулзалтад амарч зугаалахдаа яваагүй биз дээ гэх мэтээр сөрөг сэтгэгдэл их байх аж. Монгол төрийн босго намссан байлаа ч Төрийнхөө ордонд тангараг өргөх гээд ирж байгаа эрхэм гишүүнд ядахдаа ганц цагаан цамц олдоогүй гэж хэлэхгүй байлгүй. Тэр түмэн олноо бас Төрийн ордноо ч доромжиллоо. Юутай ч өнгөрсөн дөрвөн жилд гэгээн дүрээ нэг өдөр ч харуулаагүй эрхэм гишүүн пудволктой ч болов ирж тангараг өргөсөн нь их "завшаан" юм даа. Төрсөн эгч нь эрхбиш цаашдаа зөвлөөд явах байлгүй гэж найдахаас.
Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
Сэтгэгдэл ( 0 )