Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны долдугаар сарын 7-8-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
“Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2016 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1.6 хувь, суурь инфляци 2.9 хувь болж, сүүлийн 12 сарын турш зорилтот түвшнээс доогуур байна. Оны эхний хагасын инфляцийн гүйцэтгэл Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байлаа. Богино хугацаанд эдийн засгийн идэвхжилээс шалтгаалсан эрэлтийн гаралтай инфляцийн дарамт төдийлөн нэмэгдэхгүй бөгөөд оны эцэст инфляцийн зорилтыг хангахаар байна. Макро эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа хэдий ч засаглалын орчны тогтвортой байдал нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрсдэл буурна. Энэ оны сүүлийн хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь дотоод эрэлтийг дэмжиж эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны түвшинд байх төсөөлөлтэй байна. Бодлогын энэ шийдвэр нь мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх, бодит секторын идэвхжилийг дэмжих боломжийг хадгална. Гадаад цэвэр активыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах нь хувийн хэвшил агших, ажилгүйдэл одоогийн 11.6%-иас илүү хурдацтай өсөх, санхүүгийн эх үүсвэр хомсдох эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно” хэмээн Монголбанкны цахим хуудаст байршуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )