“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 19

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралджээ. Тус зөвлөлийн хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилсон байна. Бэгзсүрэнгийн Шинэбаатар нь 1958 оны 2-р сарын 22-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн. Олон Улсын хуульч мэргэжилтэй. 1976 онд Завхан аймгийн Улиастай сумын Элдэв Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг, 1982 онд Украйн улсын Киев хотын Улсын Их сургуулийг Олон Улсын хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

1982-1987 онд "Комплекс импорт" нэгдэлд мэргэжилтэн, 1987-1988 онд Гадаадтай Эдийн Засгийн талаар харилцах Улсын хорооны гэрээ эрхийн хэлтэст мэргэжилтэн, 1988-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны гэрээ эрхийн хэлтэст мэргэжилтэн, 1990-1991 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 1991-1992 онд Худалдаа, үйлдвэрийн яамны гэрээ эрхийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Монгол Улсаас Украйн Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе, 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2001-2012 онд “Магнай Трейд”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай аж.

Тэрээр 1996 онд Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2000 онд Газрын тосны тэргүүний ажилтан, 2003 онд “Эрх чөлөө”-ний одон, 2007 онд “Алтан Гадас” одон, 2009 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 2011 онд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын шагналаар шагнагджээ. Орос, англи хэлтэй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top