Н.Золжаргал ажлаа хүлээлгэж өглөө

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

УИХ-ын анхдугаар чуулганы /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргалыг хүсэлтийн нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Надмидын Баяртсайханыг Төв банк (Монголбанк)-ны ерөнхийлөгчөөр томиллоо.

Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрддөг тул Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал шинэ удирдлагад өчигдөр орой /VII.20/ ажлаа хүлээлгэж өгчээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top