Долдугаар сар гарснаар ам.долларын ханш өдөрт ЕСӨН төгрөгөөр өсч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 21

Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өсч, өчигдөр орой Монголбанкны хаалтын ханшаар 2029 төгрөгөөр худалдан авч, 2032 төгрөгөөр арилжиж байв. Одоогоос яг нэг сарын өмнө буюу зургадугаар сарын 18-ны өдөр ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 50 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан юм. Үүнийг  салбар мэргэжилтнүүдийн зүгээс ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн болон оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг үзэгдлүүдтэй холбон тайлбарлаж байсан.

Нөгөө талаас Оюутолгой компанийн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотойгоор ам.долларын ханш суларч байна гэж үзсэн. Гэтэл долдугаар сар гарснаас хойш хоногт 0.9-9 төгрөгөөр тогтмол нэмэгдсээр байгаа нь олон нийтийн зүгээс цаашид валютын ханш тогтворжих нь гэх хүлээлтийг үгүй хийж байна.

Эрх баригч улс төрийн нам, засгийн газраа байгуулж албан тушаалын бялуугаа хуваагаад завгүй байх хойгуур ноён долларын ханш ийнхүү алдуурлаа. Монгол улсын эдийн засгийн байдал болон ам.долларын ханшийг тогтвортой барих чиглэлд шинээр бүрэлдэж буй засгийн газраас ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Өдгөө ажлаа эхлэхгүй бол эдийн засаг хүндэрч болзошгүй байдал үүсээд байгааг эдийн засагчид хэлж байна.

Б.ЦОГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top