Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр өчигдөр бодлогын хүүг 4.5 хувиар өсгөлөө. Ингэснээр бодлогын хүү 15 хувьд хүрч байна. Монголбанкнаас ирүүлсэн мэдэгдэлд “Хэдийгээр инфляц бага түвшинд хадгалагдаж байгаа ч ам.доллартой харьцах төгрөгийн ханшийг долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 602 сая ам.доллароор сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогыг засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )