БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй УУЯ, МХЕГ, УИХ-ын гишүүд, орон нутгийн холбогдох албаныхны хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Орхон болон Ганга нуурын тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой
Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолт явуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр хийгдэж буй ажил, газрын эвдрэл, гол усны бохирдолтын байдалтай газар дээр нь танилцаж, тэдгээр аж ахуйн нэгжийнхэн болон нутгийн ард иргэдийн санал бодлыг сонсож, тодорхой шийдвэр гаргалаа.
Орхон гол нь хангайн нурууны Суварга хайрхан уулнаас эх авч 1124 км урсахдаа 8 аймгийн 53 сум дамжин Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Сэлэнгэ мөрний сав газрын 47хувийг бүрдүүлдэг Орхон гол 15 км улаан шараар урсаж байна.
Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхайн үйлдвэрлэл явагдаж, газрын хөрс эвдэрч, Орхон гол их хэмжээгээр бохирдсоныг нүдээр үзлээ. Лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд хууль, дүрэм биелүүлэлгүй үйл ажиллагаа явуулж байна.
Лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд дараахь зөрчдлүүд илэрсэн:
-ТЭЗҮ- ээ гаргуулаагүй
-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй
-Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө хийлгээгүй
-Нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт огт байршуулаагүй
-Усны бохирдлыг багасгах далан хаалтыг мэргэжлийн түвшинд барьж, байгуулаагүй байна.
Орхон гол их хэмжээгээр бохирдсоны улмаас экологийн тэнцвэр алдагдаж, амьсгаа нь тасарч ч магадгүй учраас бид хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох шаардлагатай.
Хэдийгээр эдийн засаг хямарсан, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаа боловч байгаль орчин, ус голыг бохирдуулж байгаа нөхцөлд бид дэмжих боломжгүй.
Нутгийн ард иргэд, малчид, ТББ-ынхан маш ихээр эсэргүүцэж байна. Тэд уул уурхайн компаниудыг хөөж гаргах, нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийлгэх, тааваараа малаа бэлчээх боломжтой болох, ус голоосоо ууж амьдрахыг хүсэж, Монголын төрийг ажлаа хийж, хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг шаардаж, хүсэж байна.
Орхон голын бохирдлыг арилгахын тулд тэдгээр компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Дээрх зөрчлөө арилгатал үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа.
Энэ жил Мэргэжлийн хяналтаас гурван удаа үйл ажиллагааг зогсоож, лацадсан боловч буцаагаад лацаа авч хаяад ажлаа явуулаад эхэлдэг. Тийм учраас энэ удаа Архангай, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн.
Орхоны хөндийн хөрс шороо эмзэгшиж байгаад анхаарах
Нөхөн сэргээлт хийх нэрээр ААН-үүд ашигт малтмал олборлосон зөрчил илэрсээр байна.
Аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлт хийсэн талбай руу дайран орж ухдаг Супер нинжа нарт хууль үйлчлэхгүй байгаад Төр анхаарлаа хандуулах цаг болсон.
Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь бүх нийтийн үйлс, сэтгэл шаардсан ажил боллоо.
Хэт хэрэглээ, санхүүгийн шунаг сэтгэлгээ байгаль эх дэлхийд маань аюул учруулхаар болж байна.
Өмнөх нийгмийн үеийн хэмнэж гамнаж амьдардаг, байгаль эх дэлхийгээ хайрлаж байсан түүх уламжлалаас суралцах хэрэгтэй байна.
Санхүүгийн орлогын төлөөх шунаг сэтгэлгээ байгаль эх дэлхийд аюул учруулж байгааг ойлгуулж Байгаль орчны хуулиудыг сурталчилах, хэрэгжилтэнд өндөр хяналт тавих хэрэгтэй байна. Сиймхий гаргаж өгмөөргүй байна.
БОАЖЯ-ныхан “Ганга” нуурыг сэргээх төлөвлөгөө боловсруулжээ
Ганга нуур ширгэж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замыг нарийвчлан тодорхойлох зорилгоор ажлын хэсэг газар дээр нь ажиллаад ирсэн.
Ганга нуурын ус ууршин ширгэж, гадаргын усны 90 орчим хувь нь усгүй, давсархаг цагаан хужир мараагаар хучигдсан байдалтай байна.
Ажлын хэсэг дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулсан. Энэ санал дүгнэлтэд үндэслэн Ганга нуурын усны төвшинг нэмэгдүүлэх, аврах асуудлаар бид ажиллаж байна. Нуурын ус ширгэсэн шалтгааныг 2 үндсэн шалтгаантай гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан.
Нэгдүгээрт, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт явагдаж, Монгол орон үүнд илүү их өртөж байгаа. Энэ зун 7, 8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл градусаар нэмэгдэж, хэт халалт бий болсон, хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас эрс багассантай холбоотой.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Сүхбаатарын аймгийн Дарьганга суманд орших Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Сүмт, Хошмог зэрэг нуурууд болон булаг шандууд ширгэсэн байна.
Хоёрдугаарт, Малын тоо олширч бэлчээрийн даац хомсдож мал нь усан хангамжгүй болсон малчид ганга нуур орчмоор ил усыг бараадан нутагласан нь Ганга нуур ширгэх нэг шалтгаан болсон байна. 31 орчим мянган мал Ганга нуур, нуурын усны эх болох Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалж байна. Оргихын болон Баян булгийн усны ундарга багасч, нуур руу хүрч цутгахаа больсон байна.
Аймаг орон нутгийн удирдлага Ганга нуурыг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс нөлөөлсөн гэж үзэж байгаа. Жишээ нь:
Нуурыг хашиж хамгаалаагүй
Худаг ус гаргаж өгөөгүй
Элсний нүүлтээс хамгаалах хаалт хийж өгөөгүй
Мод тарих ажлыг эхлүүлсэн боловч арчилж ургуулаагүй
Ганга нуурыг хамгаалах талаар зарим нэг арга хэмжээ авч байгаа боловч төдийлөн үр дүнтэй биш байгаад бид дүгнэлт хийж байгаа.
Цаашид авах шаардлагатай арга хэмжээнүүд:
Нуурт мал оруулахгүйн тулд хашаа татаж хамгаалах,
Нуурын гол тэжээл болсон хоёр булгийн ундаргыг хамгаалах
Салхи, элсний нүүлтийн хаалт хийх
Малчдын усан хангамжийн асуудлыг худаг гаргаж шийдвэрлэх
Ганга нуурын эрэг хавиас айлуудыг нүүлгэх
Цас, борооны усыг нуурт цуглуулах арга хэмжээ авах
Ганга нуурыг газрын доорх усаар тэжээх боломжийг судлах, хөрөнгийг шийдвэрлэж, судалгааг эхлүүлэх
Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг зохион байгуулах
Дарьганга суманд малын усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор хөв цөөрөм байгуулах
Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэр алдагдаж байгааг бид хараад яриад суух биш “хоосон ярианаас бодит ажил” хийхийг олон нийт, төр засаг, ТББ-уудад уриалж байна.
Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй.
Байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг сэтгүүлчдийнхээ дунд ч гэсэн уралдаан зарлах хүсэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )