Ж.Эрдэнэбат: Хөрөнгө мөнгө их шаардахгүй, ашгаа өгөх боломжтой салбаруудыг эхлээд дэмжинэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг Засгийн газар энэ дөрвөн жилд хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа дэмжих чиглэл барина гэдгээ онцолсон байна. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир, мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онцолжээ. Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий сайдад уламжиллаа. Малаа вакцинжуулахад тал талдаа хариуцлагатай хандах хэрэгтэйг Ерөнхий сайд онцолсон юм. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын мэдээлснээр тус аймаг нийт тарьсан улаанбуудайныхаа 64 орчим хувийг алдахад хүрээд байгаа аж. Энэ нь тариалалт хожуу эхэлсэн, соёолжилт алдсан, бутлалтын үеийг өнгөрөөсөнтэй холбоотой гэжээ. Харин аялал, жуулчлалын хувьд жуулчдыг татах арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг аймгийн засаг дарга онцолсон байна. Энэ хүрээнд Чингисийн цогцолборыг барихаар төлөвлөсөн талаар онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top