Дачин Тамсагийн гэрээг өөрчилнө гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна.

Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг,  гарц бага зэргээс болж хөрөнгө оруулалт их шаарддаг байна. Энэ мэтээс үүдэн төслийн үр ашиг “Ерөнхийдөө тааруу, ялангуяа нефтийн үнэ 43 ам.доллараас бага байгаа үед ашигтай ажиллана гэхэд хэцүү” гэж компанийн удирдлага танилцууллаа.

Өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж хоёр тэрбум ам.долларын түүхий тос экспортод гарган, Монгол Улсын Засгийн газарт 518 сая, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгсөн байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль энэ гэрээтэй зөрчилдөж байгаа тухай компанийн удирдлага хэллээ. Гэхдээ хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж байгааг тодруулсан Ерөнхий сайдын асуултад тодорхой хариулт өгсөнгүй.   Засгийн газар хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж, ажлыг нь чирэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудлыг гагцхүү хуулийн хүрээнд шийдвэрлэнэ, хөрөнгө оруулагчид  ч тавьж байгаа шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.  

Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” компани цаашид тогтвортой ажиллах учир монгол иргэдийг сургаж, нарийн мэргэжил эзэмшүүлэн ажиллуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Аль аль талдаа ашигтай байх хувилбарыг сонгохоос биш хэн нэг нь давуу ашиг хүртэх тухай ойлголт байх ёсгүй гэдгийг тэмдэглэлээ.  

Дорнод аймгийн иргэд “Петро Чайна Дачин Тамсаг” компанид ажиллах монгол иргэдийн тоог нэмэх хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилж байсан. Тэгвэл тус компанийн удирдлагын танилцуулснаар 691 хүний 100 нь хятад, бусад нь монголчууд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


 

Халхголтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн төвд ирсэн даруйдаа Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, нутгийн иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас хийж байгаа ажил, цаашдын зорилтынхоо талаар танилцуулж эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бололцоотой бүх арга хэмжээ авч байгааг хэллээ.  Төр, засаг тогтвортой байх, хууль хяналтын байгууллага нь шалгана гэх мэтээр дарамт, хүндрэл учруулдаггүй, төрийн албаны хүнд суртлаас болж төлөвлөсөн ажил сунжирдаг өнөөгийн байдлыг өөрчлөхийг хөрөнгө оруулагчид хүсч байгаа учир энэ чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар ганцаараа зүтгэх бус, иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтэээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад чухал нэмэр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Дорнодчууд, ялангуяа Халхгол сумын иргэд Халхголд чөлөөт бүс байгуулах, үндэсний бүтээн байгуулалт хөтөлбөр нэрийн дор өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолын хүрээнд газар нутгийг нь зарсан, худалдсан хэмээн ихээхэн бухимдаж, энэ чиглэлээр тууштай арга хэмжээ авахыг хүсч байлаа. Энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан ч одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна. Иймээс өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно. Ингэхдээ нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана  гэдгээ Ерөнхий сайд хэллээ.  

Амьдрал ахуй хүндэрсэн, төрийн албаны хүнд суртал их, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу гэдгийг иргэд сануулж, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” компанид ажиллах монгол ажилчдын тоог нэмэх, газрын тос тээвэрлэх хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй учир байгаль орчинд асар их хохирол учруулж байгаад арга хэмжээ авахыг хүсч байлаа.

Засгийн газрын хувьд гүйцэтгэл нь өндөр хувьтай ч он дамжсан, царцсан обьектуудыг эхний ээлжинд  ашиглалтад оруулахын төлөө байна. Ялангуяа ирэх жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг өргөтгөж эхэлнэ гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

100 мянган тонн тэжээл үйлдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халх гол суманд ажиллах үеэрээ “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ. Энэ жил гэхэд л  анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна.  

“Ирэх долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга хангалттай. Жилд гурван удаа ургацаа хураана. Ийм үйлдвэр дахин хоёроос гурвыг барих боломжтой. Бүрэн автомат, европ технологитой энэ үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болсон” гэж “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ танилцууллаа.

“Түймэрт шатаачихдаг өвсөө бид тэжээл болгож экспортод гаргах боломжтой. Энэ тэжээлийн үйлдвэр эхнийх нь. Цаашид олон үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулагч нар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халхголд ирж ажиллах болно” гэж Ерөнхий сайд хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


 

Дорнодын станцыг өргөтгөнө

Монгол Улсын Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн ажилтай танилцлаа. Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна.

2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватт болгон өргөтгөх боломжийг Засгийн газар судалж байна. Засгийн газар энэ дөрвөн жилд таван станц барих, өргөтгөхөөр төлөвлөсний нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top