Цэций салхин цахилгаан станцын санхүүжилтийн гэрээг байгууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 29

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анхдагч “Clean Energy” компани Монголд хоёр дахь салхин цахилгаан станцын санхүүжилтийн гэрээг байгууллаа. 50 МВт хүчин чадалтай энэхүү цахилгаан станцыг байгуулахад нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 90 сая ам.долларын санхүүжилтийг гаднаас татах юм байна. Үүнээс 25 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк олгохоор болжээ. Төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас гадна JAICA зээлийн санхүүжилт гаргана. JAICA-ийн хувьд Монголд хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төсөлд анх удаа санхүүжилт гаргаж байгаа төдийгүй, сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай анх удаагаа хамтарч байгаа гээд олон зүйлээрээ шинэлэг үйл явдал болж байгааг онцолсон юм. 2008 оноос судалгааны ажил нь эхэлсэн станцын барилгын ажил өнгөрсөн сараас эхэлсэн, ирэх оны 12 дугаар сард ашиглалтад орох хүлээлттэй байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд 300 орчим ажлын байр, ашиглалтын үед 25 байнгын ажлын байр бий болох тооцоо гарчээ. Нийт хоёр МВт-ын хүчин чадалтай 25 салхин цахилгаан үүсгүүр суурилуулахаар болсон байна. Эдгээр турбиныг нийлүүлэх болон барилга, угсралтын ажлыг салбартаа тэргүүлэгчдийн нэг “Vestas” компани хариуцан ажиллахаар болжээ. Энэхүү цахилгаан станц жилд 120 орчим мянган тонн нүүрс, 1.5 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй, 180 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлж, "Оюу Толгой", "Таван Толгой" зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой юм байна. “Clean Energy” компани Монголд анхны салхин цахилгаан станцын төсөл болох Салхитыг хэрэгжүүлж байсан бөгөөд “Newcom” болон Японы “SoftBank”-ийн хувь нийлүүлсэн компани юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top