Crowdfunding буюу хамтын санхүүжилт гэж юуг хэлэх вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 04

Хамтын санхүүжилтийн тухай ойлголтыг энэ удаад товчхон хүргэе. Бизнесийн шинэ санаа, төслийг санхүүжүүлэх зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжээс хөрөнгө татан төвлөрүүлэхийг хамтын санхүүжилт гэж ойлгож болно. Хамтын санхүүжилт нь хувьцаа, зээллэг, олон нийтээс татан төвлөрүүлэх хандив тусламж, шагналын гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Эдгээрээс хувьцаа, зээллэгийн хамтын санхүүжилтийг санхүүгийн зах зээлийн хэрэгсэл гэж үздэг.  Хамтын санхүүжилт нь харилцагчийн данс тусдаа байх /client segregated account model , бичиг баримтын баталгаажилт /the notary model/, хувьцааны санхүүжилт гэсэн гурван үндсэн загварт тулгуурладаг бөгөөд эхний хоёр  нь хамтын зээллэгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, сүүлийнх нь хувьцааны хамтын санхүүжилтээр дамжуулан хөрөнгө оруулагчдад ногдол ашгийн өгөөж хүртээх, хувьцааг хуваарилах үндэс болдог.

   Сүүлийн жилүүдэд хамтын санхүүжилтийн хувьцааны болон зээллэгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ тасралтгүй өсөх хандлага олон улсын санхүүгийн зах зээлд ажиглагдаж байна. Тиймээс үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас хамтын санхүүжилтийн тогтолцоотой холбоотойгоор төрийн зохицуулагч байгууллага, өөрийн зохицуулалт, үнэт цаас, зээл гаргагч, зуучлагч, хөрөнгө оруулалтын болон хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой суурь зарчмуудыг боловсруулан гишүүн байгууллагууддаа мөрдөхийг зөвлөөд байгаа юм. Мөн эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлд хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хоёр үндсэн зорилгыг уялдуулах чиглэлд анхаарал хандуулж байна.

  Монгол Улсад  хувьцааны болон зээллэгийн хамтын санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгодог утгаар үүсч хөгжөөгүй, зохицуулалт хяналтын орчин байхгүйгээс олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломж хязгаарлагдмал байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top