Хөдөө аж ахуйн биржид энэ долоо хоногт одоогоор нэг өдрийн арилжаа хийгдээд байна. Малын гаралтай ноос, ноолуурын гарц буурсан улирал учраас биржийн арилжааны идэвх суларчээ. Хамгийн сүүлд ямааны нэг кг боловсруулаагүй цайвар ноолуурын ханш 50 мянга 400 төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй
харьцуулахад бага зэрэг буурсан дүн болж байна. 2015 оны аравдугаар сард Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан ноолуурын гэрээний дундаж үнэ 58 мянга 500 төгрөг байсан аж. Түүнчлэн энэ онд 26 мянган тонн хонины ноос бэлтгэсэн бөгөөд 60 орчим хувийг нь угаах буюу анхан шатны боловсруулалт хийж, экспортод гаргаж байгаа талаар Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ. Хонины ноосыг боловсруулалтын түвшнээр нь тав ангилдаг. Аравдугаар сарын байдлаар хонины боловсруулаагүй ноосны ханш нэг кг тутамдаа 1200 төгрөг, угаасан ноос нь 2210 төгрөг байна. Оны эхний хагас жилд нийт 3848 тонн хонины ноосыг 6.1 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
Хөдөө аж ахуйн биржээр арилждаг бараа, түүхий эдийг экспортод гаргахын тулд өмнө нь заавал биржээр арилжихыг шаарддаг байна. Хэдий тийм боловч байгуулагдаад таван жил болж байгаа Хөдөө аж ахуйн бирж нь анхан шатны нэгжээ зөв бүрдүүлж чадаагүй учраас салбарын компаниудын үйл ажиллагаанд нэмэлт ачаа болж байна гэж салбарынхан дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )