​ОУВС: Дэлхийн нийт өрийн хэмжээ 152 их наяд ам.доллар болж түүхэнд дээд түвшинд хүрлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 06

ОУВС, Дэлхийн банкны 2016 оны уулзалтыг энэ сарын 7-9-нд зохион байгуулна. Уулзалтыг угтан эдийн засгийн төлөв байдал болон дэлхийн нийтэд тулгамдаж байгаа сорилтуудын талаарх хэлэлцүүлэг 10 дугаар сарын 3-наас Вашингтонд эхэлсэн. Энэ хүрээнд лхагва гарагт "Дэлхийн эдийн засгийн төлвийн тайлан"-г танилцуулсан бол өнөөдөр "Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан"-г танилцууллаа. Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсанаар дэлхийн нийт өрийн хэмжээ 152 их наяд ам.доллар болж түүхэнд дээд түвшинд хүрчээ. Тиймээс улс, орнууд энэ их өрийг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг ОУВС мэдэгдсэн. 2008 оны хямралтай энэ зэрэгцэхүйц асуудал үүсэхээс өмнө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг анхаарууллаа. Одоогийн дэлхийн нийт өрийн хэмжээ нь ДНБ-ий 225 хувьтай тэнцэж байгаа юм. ОУВС Засгийн газруудыг зөвхөн эдийн засгийн өсөлтдөө анхаарахаас гадна төсвийн зохицуулалт хийж, өрийн хэмжээгээ багасгахыг санал болголоо. Мөн богино хугацааны эрсдэл дөрөвдүгээр сарын байдалтай харьцуулахад буурсан ч дунд хугацааны эрсдэл улам өсч байгааг тайланд онцолсон байна. Тухайлбал "Brexit"-ийн асуудал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, хөгжиж буй орнуудын зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг асуудал харьцангуй сайжирчээ. Гэвч улс, орнуудын бодлогын хүү бага хувьд хэтэрхий "удаж", эдийн өсөлт саарснаас гадна улс төрийн нөхцөл байдал хурцадсан зэрэг дунд хугацааны эрсдлийг нэмэгдүүлж байна гэж ОУВС үзсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top