Монгол, Японы бизнесийн түншлэл өргөжиж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 07

Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хоёр улсын хооронд бизнес эрхлэх сонирхолтой компаниудын тоо нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг “Эко ноос” компани бүтээгдэхүүнийхээ дээжийг Японд экспортолж эхэлжээ. Тус компани эхний гэрээнүүдээ байгуулахаар бэлтгэж байгаа талаар мэдээллээ. Хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифаас бүрэн чөлөөлөгдөх юм. Харин оны эхний найман сард “Говь” компани 8.8 сая ам.долларын экспорт хийснээс найман хувийг нь Японд гаргасан байна. "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэн нь Япон харилцагчдад маань дэмжлэг болж байна" гэж “Говь”компаниас онцоллоо. Үүнээс гадна хоёр улсын хооронд бизнес эрхлэх сонирхолтой компаниудын тоо нэмэгдэхийн хэрээр банкны үйлчилгээний эрэлт ихэснэ гэж тооцоолж байгаа талаар Японы “Чиба” банкны төлөөлөгч мэдээлсэн байна. “Чиба” банкны Бизнес хариуцсан дэд захирал Акихико Нишино “Бид Монголд бизнес эрхлэх сонирхолтой компаниудыг зах зээлтэй нь танилцуулахаар зорьж байгаа. Ялангуяа Чиба мужаас ирсэн компаниудыг Монголд үйл ажиллагаагаа тэлэх, түншээ олоход нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой. Монголд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах, түүнчлэн монголчуудыг Чиба муж руу татах сонирхолтой байна. Банкны хувиар Монгол, Японы бизнесийн түншлэл өргөжихийн хэрээр хоёр улсын хоорондын мөнгөний урсгал, валют солилцоо нэмэгдэх нь чухал” хэмээн онцлов.

Харин “Набэяа Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Сайто Тошиюки “Одоогоор Монгол Улсад япон цагаан будааг борлуулж эхлээд нэг жил болж байна. Японд тариалж, хурааж авсан будаагаа Японд савладаг. Чанарын хувьд сайн, өөрийн онцлогийг гаргаж чадаж байгаа. Японы кошихари төрлийн будааг Монголд оруулж ирж байна. Монголчууд хэрэглээд мэддэг болоод эхлэхээрээ илүү их сонирхох болов уу гэж харж байгаа. Худалдаалах үнийг нь Монголын ханштай харьцуулахад бага зэрэг үнэтэй тусч байна” гэсэн бол “Kashiwa Morisyou” компанийн Гүйцэтгэх захирал Наохико Сакамаки “Монголд Японы загасны дэлгүүр байдаггүй учраас бид бүтээгдэхүүнээ оруулах сонирхолтой байна. Монголчуудыг загас идэх дуртай гэж бодож байна. Монгол нь далайд гарцгүй орон учраас далайн загас сонирхох хүмүүс их байх болов уу гэж таамаглаж байгаа. Супермаркет, дэлгүүрүүд болон хоолны газруудтай хамтрах сонирхолтой байна” гэв.

Түүнчлэн Японд "Широгийн лийр" хэмээн нэрлэгдсэн, Чиба мужид тарьсан лийрийг Монголын зах зээлд туршилтаар борлуулж эхлээд байгаа ба энэхүү лийрийг нэг кг тутмыг нь ойролцоогоор 38 мянган төгрөгөөр борлуулж байна. “Shiroi-city Nashi Growers” ассоциацийн дэд Ерөнхийлөгч Минору Яшима “Бид Япон лийр тариалдаг компани. Монгол бол хөгжиж байгаа улс, тэр хэрээрээ цаашид олон боломж гарч ирнэ гэж харж байгаа учраас бид өөрийн амт, чанартай лийрийг монголчуудад таниулах, худалдаалах сонирхолтойгоор ирсэн. Япон улс Монголын хамгийн ойрын дотно түнш болно гэж найддаг. Тийм учраас цаашид Монгол, Япон улс хамтраад нэг зүгт явбал боломж их байгаа гэж хардаг. Бидний хувьд өмнө нь 12 дугаар сард туршилтаар 100 кг орчим лийрийг Монголд борлуулж байсан. Одоохондоо бид яармаг худалдаа маягаар эхлээд бүтээгдэхүүнээ танилцуулаад түүнийхээ хажуугаар борлуулалт хийж байгаа” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top