Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сан /НҮБХАС/-гийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа. НҮБХАС нь Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлэв.
Нью-Йорк хотноо 2016 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар манай улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, залуучуудын хөгжил, жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлэх болсон юм. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон Шадар сайдын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Өнгөрсөн оны долдугаар сард Дэлхийн хүн амын өдрийг “Онцгой байдлын үе дэх эмзэг бүлгийн хүн ам” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх үед Шадар сайдын санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх зэргээр Санамж бичигт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурал зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )