– УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах эрх мэдэлтэйгээс гадна улсын төсвийг хуваарилах эрх мэдэлтэй. Хуруугаа хууль ёсоор дүрж болох“торхтой бал” нь төсөв гэсэн үг юм. Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн хувьд эрх ашиг нь өнөөдөртөө “төсвийн эрх мэдлийг ОУВС-д алдахгүй байх явдал” гэж хэлэхэд болох байх-
Засгийн газраас хямралыг гэтлэх онцгой хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт бий болоод лавтайяа 100 хонож байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хүлээж буй тэрхүү “Онцгой” хөтөлбөр нь ямар нэг мега төслийн тухай яриа биш бөгөөд харин өнөө, маргаашгүй гал алдчих гээд байгаа төсвийн орлогыг нөхөх мөнгө, зээлийн эх үүсвэрийн тухай ойлголт гэдэг нь нууц биш юм.
“Онцгой” гэдгийн цаана осолтой нөхцөл байдал үүссэн шүү гэх дохио хангинасаар чамбай хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл Засгийн газар шийдэл гаргаж чадахгүй байгаагийн учир нь Ерөнхий сайдын хурдтай холбоотой гэхээс илүүтэй УИХ-ын гишүүдийн эрх ашигтай холбоотой гэх.
ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрөөр зээл авч болох ч түүнийг дагалдан улсын төсвийн орлого, зарцуулалт хатуу хяналтад орж, мөнгө, сангийн бодлогоо Монгол Улс түр хугацаандаа гадныханд атгуулах болно. Өмнө нь нэг бус удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд үүнээс үүдээд чухам ямар гарз хохирол амссаныг олон нийт төдийлөн тодорхой нэрлэж чадахгүй байгаа ч “энэ нь аюултай” талаарх суртал ухуулга шинэ парламент бүрдсэнээс хойш хэвлэлээр хүчтэй өрнөж буйг анзаарах амархан. Үүнтэй зэрэгцээд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүйгээр урд хөршөөс даруй 4-5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авах бололцоо бий тухай яриа хөөрөө сонсогдсоор буй.
Тэгвэл эрх барьж буй МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын хувиар анхны айлчлалаа БНХАУ-д хийж, энэ үеэрээ өмнө тохирсон зээлийг авах асуудлаар тус улсын тэргүүнд санал тавьсан нь ч санамсаргүй зүйл биш байх. Үнэндээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсөв, мөнгөний бодлогодоо хатуу сахилга бат тогтоох уу, эс бөгөөс төсвийн эрх мэдлээ хадгалж үлдээд гаднаас зээл авах уу гэсэн хоёр сонголтыг эрх баригчид тестэлж үзэж байна гэхэд болно.
УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах эрх мэдэлтэйгээс гадна улсын төсвийг баталдаг эрх мэдэлтэй. Харин “улсын төсөв” гэдэг нь гажуудсан утгаараа өнөөдөр “авлигын нэг хэлбэр” гэж үзэх шинжээчид цөөн бус. “Монголын хямралын үндэс нь ядуу хэсгээ тэжээж чадахгүйдээ бус баяжсан хэсгээ цатгаж чадахгүйд оршиж байна” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэн нь үнэний хувьтай төдийгүй тэрбээр нэгэнтээ Монгол дахь авлигын хэлбэрүүдийг тун сонирхолтой байдлаар үе шатчилан хуваасан нь бий. Түүнийхээр бол авлига буюу төрөөс тэрбумтан төрөх бололцоо 90-ээд оны эхэн үед өмч хувьчлалаар эхэлж, 2000-аад оны үед газар олгох, ашигт малтмалын лиценз хуваарилах арга замаар үргэлжилж, өдгөө төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр хэлбэржээд байгаа гэх.
Өнөөдөр төсвийн хуваарилалт, төсвөөс санхүүжилттэй тендер, концессийн гэрээг УИХ-ын гишүүд шийдвэрлэж байгаа ба хуруугаа хууль ёсоор дүрж болох “торхтой бал” нь төсөв гэсэн үг юм.
Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн хувьд эрх ашиг нь өнөөдөртөө “төсвийн эрх мэдлийг ОУВС-д алдахгүй байх явдал” гэж хэлэхэд болох байх. Харин бүр нарийн эрх ашиг нь гэвэл сонгуулиар тавьсан өр зээлээ хаах явдал гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд сэм ярилцаж байна.
Өнгөрсөн сонгуулиар “хүнээ” гаргах гэж хөрөнгө мөнгөө шавхсан, цаашлаад зээл тавьсан улс төр-бизнесийн бүлэглэлүүд өнөөдөр төсвийн хуваарилалт, эрх мэдлийг гартаа авах нь нэн түрүүний эрх ашиг болсон гэх. Энэ эрх ашгаа хамгаалахын тулд ОУВС-гийн зээлийн хөтөлбөрөөс татгалзах, түүнийг аюултай гэж сурталчлах нь хэрэгтэй байж магадгүй. Юутай ч энэ эрх ашгаа хамгаалаад цайз босгоод байж байх хойгуур Засгийн газар урд хөршөөс ч юм уу, хаанаас ч юм хэн нэгэн сайн хандивлагч олоод хөнгөлөлттэй зээл олоод ирвэл “азны Коля” болж таарах нь.
Санаж байгаа бол өнгөрсөн есдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай бичгийг намын зарим гишүүд бэлтгэж байна гэсэн цуу тарахын хамт түүний Засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогын хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл давхар өрнөөд амжсан юм. Цуу яриаг дагалдсан шүүмжлэл нэгийг хэлж байж ч болох. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргалаа гэхэд хувь улстөрчийнхээ хувьд “улс төрийн эрсдэл”-д орох нөхцөл байдал түүнийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй тохироо бүрдсэн байж ч мэдэх нь ээ.
Сэтгэгдэл ( 0 )