Урьдчилгаа 30 хувийг хаанаас олсон бэ гэж зээлдэгчийг “байцаахгүй” болов

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн.

Дээрх хоёр субъектын хувьд хариуцсан ажил үүргийн тухайд зорьсон зорилго нэг ч хүрэх арга зам, өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр өөр байх нь мэдээж. Тиймээс үүнийгээ хэрхэн нэгтгэж болох талаар ярилцсан юм. Тухайлбал, Монголбанкнаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр эхэлсэн. Үүн дотор барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөртэй уялдаж найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр зэрэг эхэлж байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хууль эрхзүйн үндэслэлгүй болчихлоо. Барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр ч зогссон, тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч болон Барилга, хот байгуулалтын сайд нарын байгуулсан гэрээ энэ оны нэгдүгээр сард дуусгавар болсон. Тиймээс УИХ-ын тогтоол батлагдсан тохиолдолд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэсэн юм.

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг эргэн харахгүй бол санхүүжилтийн эх үүсвэр байхгүй байгаа талаар тайлбарлалаа.

Уулзалтаар зээлдэгчдийн хамгийн их гомдоллодог нэг чухал асуудлыг шийдсэн нь арилжааны банкуудын зүгээс зээлдэгчдэд тавьдаг “Та 30 хувийн урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон бэ” гэдэг “байцаалт” шиг асуултаас ангижрахаар боллоо. Ингэснээр ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус, хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу гэдгийг  банк “шалгахгүй, шалгаахгүй” байхаар журамд өөрчлөлт оруулах нь. Түүнчлэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн шугам зогссон ч хамгийн гол нь зээлд хамрагдсан бүх хүсэлтийг санхүүжүүлээд зогсоосон байгаа юм. Санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлж болох юм гэдэг дээр хоёр тал санал нэгтэй байлаа. 

Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс барилгын компаниуд нэгэнт барьж буй барилга объект, орон сууц зэргээ барьцаалаад зээл авч үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж зээлийн хугацааг уртасгах талаар харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг Монголбанкны Ерөнхийлөгчид тавилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(110.17.170.111) 2016 оны 10 сарын 26

Bank of China gaas aij exlev uu. Ertnees tegex baisan yum

0  |  0
Top