Монгол Улс улстөрчдийн оффшор дансаар гадагшаа урсан одсон хөрөнгийн араас мөшгих үү гэдэг нь юун түрүүнд анхаарал татаж байна. Учир нь зарим эдийн засагчдын дүгнэлтээр бол Монголын үлэмж их хөрөнгө гадаадад байршсанаас хамаарч, эдийн засаг хямрах үндсэн нөхцөл болсон ч гэж үздэг. Оффшор дансанд маш их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Монголын олон албан тушаалтан, улстөрчид өөрийн ойр дотны хүмүүсийн нэр дээр хөрөнгөө байршуулж ирсэн гэх. Тэд Монголд олсон орлогоо нууж, татвараас зугатах замаар гадаадад хөрөнгөө байршуулсан бол хэд хэдэн төрлийн гэмт хэргийн үйлдэлд холбогдож магадгүй юм. Тиймд оффшор дансыг хориглохоос гадна түүний мөрөөр илрүүлэх олон гэмт үйлдлийн сэжүүр эндээс хөвөрч мэднэ.
Эсрэгээрээ нэг мэдээлэл анхаарал татаж, болгоомжлол төрүүлж буй юм. Тэр нь юу гэвэл, Монголд орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалт оффшор дансаар дамжиж орж ирдэг гэсэн мэдээлэл юм. Хөрөнгө оруулагчдад энэ нь ашигтай тусдаг байна. Яагаад гэвэл, тэд оффшор данс ашиглаж Монголд хөрөнгө оруулснаараа нутагтаа татвар төлдөггүй. Харин Монгол Улсад татвар төлдөг. Тиймд оффшор дансыг хориглосноороо эдгээр хөрөнгө оруулагчийг үргээх вий гэсэн болгоомжлол бас бий. Хэрэв тэр тохиолдолд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж буй олон хөрөнгө оруулагчаа алдах эрсдэлтэй гэсэн үг.
Оффшор дансыг хэт буруушаах нь хэр зохистой талаар олон байр суурь байдаг нь ийм учиртай. Зарим нь оффшор дансыг зөв зүйл гэж өмгөөлдөг. Лихтенштайн, Сингапур, Панам, Монако, Мальт, Кипр зэрэг улсаа оффшор бүс болгон зарласан улс орон олон. Эдгээр бүст бүртгэлтэй аж ахуйн нэгжийг оффшор компани гэдэг. Монголд хөрөнгө оруулж буй болон оруулах гэж байсан өрнийн компаниуд бүгд оффшор. Учир нь тэд Монголд татвараа бүрэн төлнө, харин бүртгүүлсэн офшор бүс нь татваргүй, эсвэл хөнгөлттэй учир давхар татвараас зайлсхийнэ. Энэ бизнес эртнээс буй болсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны үйлдэл гэнэ. Хувь хүмүүс ч оффшор банк болон даатгалд мөнгөө хадгалуулдагийг хэн ч гэмт хэрэг гэж үздэггүй. Гагцхүү оффшор данс нь хууль бус үйлдлийн орогнох таатай боломж болж хувирсанд л хамаг ноцтой үр дагавар нуугдах болжээ. Өөрөөр хэлбэл, улс орны удирдагчид, төрийн өндөр дээд албаныхан оффшор дансыг хууль бус орлогоо нуух боломж гэдгийг олж харсан байна. Шулуухан хэлэхэд, улстөчрид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад таатай боломжийг оффшор данс бүрдүүлсэн учраас эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Монголд ч яг л ийм нөхцөл байдал үүсээд байна. Хуулиар хориглоогүй боломжийг ашиглан, завшиж, хожиж ирсэн улстөрчдөөс эдийн засгийн хариуцлага нэхэх цаг иржээ.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 3 )
Татвар бол бизнесын зардлыг шууд нэмэгдүүлдэг. Зардлаа бууруулахыг хүн бүхэн бодолгүй яах юм. Усан тэнэнг л биш бол. Зардал бууруулах арга бүхэн зөв.
ene teneg yu bicheed bnaa ingej bgaad offsorchidiig zovtgoh geed bgaa ymuu
Манай офшорчингууд өөрийн орондоо далд аргаар хөрөнгө оруулж байгааг хэн мэдлээ