АН-ын автор бүхий бахархлын өдрийг МАН-ын үед ТЭМДЭГЛЭСЭЭР БАЙХ УУ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 31

Энэхүү нийтлэлийг зориуд ингэж гарчиглав. Учир нь ийм талцал, ийм мөчөөрхөл, ийм замналаар бид явж ирсэн нь гашуун үнэн. 1921 оны ардын хувьсгалыг МАН, 1990 оны ардчилсан хувьсгалын АН өмчилдөг. Өмчөө хэн хэн нь хайрлан хамгаалж, тавьж болох бүх шошгон дээр нь өөрсдийн намын логог тамгалдаг. Тэгвэл ийм нэг явган үзэл суртал аль ч намаас ханхлах боллоо. Сүүлийн жилүүдэд АН энэ хандлагыг нэвт үнэртүүлсний харгайгаар үндэсний баяр наадмаа хүртэл улс төрийн үзэл суртлын хуваагдал болгож харагдуулсан тэнэг оролдлогыг бид мартаагүй. Үндэсний баяр наадмын ардын хувьсгалын ой гэдгийг хасч орхиод, Их Монгол улс байгуулагдсаны ой гэдгийг дангаар хэрэглэх гээд бүтэлгүйтсэн. Тэд ардын хувьсгалтай холбоотой түүхээс аль болох татгалзаж, холбоотой тэмдэглэлт өдөр, нэрэмжит эд зүйлсийг арчиж хаяхыг битүүхэндээ хүсэмжилдэг нь нууц биш, ил болсон зүйл. Яагаад гэвэл, ардын хувьсгалтай холбоотой бүхэн МАН-ыг санагдуулна гэдэг асар том үзэл суртлын дайн, өрсөлдөөн байдаг бололтой юм билээ.

Энэ ч ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол бахархлын өдрийг тэмдэглэх болсон. Эзэн Богд Чингис хааны төрсөн өдрийг тогтоож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсугай хэмээн тогтоол баталж, бүх нийтээр амардаг болгосон. Чингис хааны төрсөн өдөр гэж нэрийддэг ч чухам өвлийн эхэн сарын тэргүүн энэ өдөр Тэмүжин төрсөн гэдгийг баттай нотолсон нь үгүй. Гагцхүү энэ өдрийг бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх нь Ц.Элбэгдоржийг санагдуулах далд суртал гэж ойлгуулахыг хүсдэг тал бий.

Зүй нь Монголын түүхийн бүх тэмдэглэлт ой, түүхэн хүмүүс, тэдний алдар гавьяа, алдаа оноо бүхэн аль нэг намд хамаатах өмч биш. Д.Сүхбаатарыг МАН, Чингис хааныг АН өмчилнө гэсэн хуваарилалтыг хэн ч хийгээгүй. Гэтэл АН нь гарч ирмэгцээ Д.Сүхбаатарын хөшөө бүхий талбайн нэрийг өөрчилж, Чингис хааны талбай болгосон. Улсынхаа түүхийг нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь илүүчилж байгаа шиг утгагүй үйлдэл болж харагдсан.

Тэгвэл эсрэгээрээ МАН гарч ирмэгцээ Чингисийн талбайг эргээд Д.Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн. Энэ жишгээр бол магадгүй ирэх жил Монгол бахархлын энэ өдрийг тэмдэглэхээ больж, оронд нь улс тунхагласны баяр буюу 11 сарын 26-ны өдөр дахин бүх нийтээр амардаг болж ч мэдэх юм. АН-ын үед зарим тэмдэглэлт өдрийн нэр зүсийг өөрчилж, заримыг нь хуулиар хориглосны дотор дээрх баяр багтаж, хуулийн дагуу тэмдэглэхээргүй болгож, оронд нь Монгол бахарлын өдөр гэгчийг санаачлан бий болгосон. Тэдний санаагаар бол Монгол бахарлын өдөр нь АН-ынх, Улс тунхагласны өдөр нь МАН-ынх болж таарах нь л дээ. Хуулиар тэмдэглэхгүй болж тогтсон бол бүх нийтээр даган мөрдөх учиртай. Тухайн үед МАН-ын удирдлагын зүгээс “Улс Тунхагласны баяр Тусгаар тогтнолынхоо баяраасаа Монголын төр бодлогоор татгалзаж байгаа явдал бол Монгол Улс Тусгаар тогтнолоосоо бодлогоор татгалзаж буйн бас нэгэн илэрхийлэл юм. Монгол Ардын Нам тусгаар тогтнолыг тулалдан байлдаж, туураглан хамгаалж, тунхаглаж зарлаж байсан улс төрийн хүчний хувьд энэ алдааг засах өдөр ирнээ. Бид засах ч болно” гэсэн сүржин мэдэгдлийг гаргаж байсан билээ.

Тэгвэл дээрх үзэл суртлын үүднээс үзвэл АН-ын санаачилсан баярыг МАН-ын үед тэмдэглэх нь зохисгүй болж мэднэ.

Үнэндээ эдгээр өдрийн түүхэн дэх ач холбогдол нь сонин биш байсан. Аль нам нь автор болж зарлаж, үзэл суртлын зэвсгээ болгох вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. АН засаг барьж байгаа үед МАН-ын автор бүхий баярын өдрийг тэмдэглээд байж болохгүй байсанд л хамаг учир оршино.

Магадгүй МАН өнгөрсөн дөрвөн жилд гаргасан АН-ын шийдвэрүүдийг эргээд цуцлаад эхэлбэл яах вэ. Аль нэг нам нь гарч ирээд үндэсний бахархлыг дур зоргоороо өөрчилдөг жишиг тогтох юм бол үндэстний хувьд нэг үзэл санаа, бахархал гэх үнэт зүйл байх боломжгүйд хүрнэ. Энэ тохиолдолд зөвхөн нэг намын түүхийг өмчлөх, тэмдэглэлт өдрүүдийн автор болох зорилгоор хийсэн алхам нь нийт үндэстний хэмжээнд аюул занал учруулахгүй гэж үү. Түүхийг үнэлэх хойч үеийнхний үнэлэмж намын үзэл суртлаар хуваагдчихвал хэрхэх вэ. 1990 оноос хойшхи бүхий л ололт амжилтыг хожим гарч ирсэн намын үзэл сурталчид үл хэрэгсэн, зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс түүхийг тайлбарлаад унавал чухам ардчиллын үнэ цаана хаахна амьсгал хураасан гэж үзэх вэ

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mangar(31.209.204.28) 2016 оны 11 сарын 01

Д.Ирээдүй guai bitgii humuusig yas hayaj taltsuulaad bai!

0  |  0
Zochin(103.26.194.172) 2016 оны 10 сарын 31

Baharhliin eder chin niit Mongolchuudiin Chingis khaanaaraa baharhah eder , uund nam yamar hamaatai yum, undesnii bayraa,baharhlaa ch ch oilgohgui gteneg yumnuud ikh bainaa

0  |  0
yag daa(202.9.40.97) 2016 оны 10 сарын 31

uls tunhaglasnii bayraar teguul dahiad amartsgaay. ha ha

0  |  0
Top