Татварын Үйлчилгээний Төвд ирсэн асуулт, хариултаас танилцуулж байна

2016 оны 10 сарын 31

Асуулт:Татварын алданги тооцох хувь хэмжээг хэлж өгнө үү?
 
Хариулт: Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба,  татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй,  илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монгол улсын Засгийн газрын 2016 оны 30 дугаар тогтоолоор хоног тутамд 0.0537 хувь, 2015 оны 25 дугаар тогтоолоор хоног тутамд 0.052 хувь, 2014 оны 38 дугаар тогтоолоор хоног тутамд 0.051хувь, 2013 оны 5 дугаар тогтоолоор хоног тутамд 0.047 хувь, 2012 оны 6 дугаар тогтоолоор хоног тутамд 0.047 хувь, 2011 оны 35 дугаар тогтоолоор хоног тутамд 0.056хувь, 2009 оны 361 дугаар тогтоолоор хоног тутамд 0,06 хувь байхаар тус тус тогтоосон байна.
 
Асуулт: ААНОАТ-ын тухай хуулийн 14.3-т заасан “хөрөнгө оруулагчаас татвар төлөгчид олгосон зээлийн дүн нь өмнө оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 3 дахин илүү гарсан...” гэсэн заалтад орсон өмнө орсон хөрөнгө оруулалтын хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?
 
Хариулт: ААНОАТ-ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 3 сарын 12 оны өдрийн 14-р тоот тогтоолд Хуулийн  14.3-т "..өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт"  гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас,  эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдан авах, хувь нийлүүлэх замаар тухайн ААН-д  оруулсан хөрөнгө оруулалт мөн эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр шилжүүлсэн мөнгө бүх төрлийн эд хөрөнгө,  эрх зэргийг хамруулна гэсний дагуу хөрөнгө оруулалтын хэмжээг тооцно. 
 
Асуулт: Ямар бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулах вэ?
 
Хариулт: Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.1.1.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;
7.1.2.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи”, 
7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.2.1.энэ хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ;
7.2.2.энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;
7.2.3.энэ хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ;
7.2.4.энэ хуулийн 4.1.7-д заасан баарны үйлчилгээ”-д заасан бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна” гэж заасан.
 
Асуулт: Манай компани өөрийн үйлдвэрлэж байгаа архиа экспортоор гаргахаар  бэлдэж байгаа. Экспортоор гаргасан архинд онцгой албан татвар төлөхүү?
 
Хариулт: Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Онцгой албан татвараас чөлөөлөх 7.1.1.-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;...”, 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “бүх төрлийн согтууруулах ундаа....;” гэсний дагуу экспортод гаргасан архи нь онцгой албан татвараас чөлөөлөгдөнө.
 
Асуулт:  ҮХЭХ-ийн албан татвар ногдох үнэлгээг тухайн хөрөнгийн элэгдэл тооцсон үлдэх өртгөөс тооцохуу?
 
Хариулт:  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д: “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр,  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж заасан тул үлдэх өртгөөс биш данс бүртгэлд бүртгэсэн үнээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг тооцно.
 
Асуулт: Манай компанийн хувьцааг хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан иргэн 100 хувь эзэмшдэг. Компани ногдол ашиг олгохдоо тухайн иргэнээс татвар суутгахуу?
 
Хариулт: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:  ...16.1.10.-д: “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого” гэсний дагуу тухайн хувь хүний ногдол ашгийн орлогоос татвар суутгахгүй олгож болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлогыг албан татвараас чөлөөлөхөд  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн 4.1.1, 37.2, 38.1-д тус тус заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг  тодорхойлсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт,  хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүртгэсэ нэр  бүхий байгууллагын үнэмлэхийг хавсаргасан байна.
 
Асуулт: Манай компани ажилтнууддаасаа хүүгийн боломжтой үедээ бага хэмжээний ч хамаагүй хэрэглээний зээл өгдөг,  зээлийг дараагийн цалин дээрээс нь суутгах байдлаар барагдуулдаг. Компанийн үйл ажиллагаанаас хамаарч ажилтнуудын зээлийг шууд компани төлөх тохиолдол байдаг.Энэ тохиолдолд татвар тооцохуу?
 
Хариулт: Тухайн ажилтны хувьд компаниас авсан зээлийг компани өмнөөс нь төлж байгаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д 5 “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна: ...15.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр...” гэж заасны дагуу тухайн ажилтанд хамаарах шууд бус орлого гэж үзэн татвар ногдуулна.
 
                                                                       Татварын үйлчилгээний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top