Өнгөрсөн есдүгээр сард шинээр 850 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 87925-д хүрчээ. Шинээр олгосон зээл өмнөх сараас 32.6%- иар, төлөгдсөн зээл 22.9%-иар тус тус буурсан байна. Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 59.9 сая төгрөг байна.
Тухайн сард олгосон ипотекийн зээл "өмнөх сараас 32.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 35.0 хувиар тус тус буурсан" болохыг Монголбанкнаас мэдээллээ.
Тайлант сард шинээр олгосон зээлийн 68.8 хувь буюу 35.0 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 31.2 хувь буюу 15.9 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл эзэлж байгаа аж.
Дээрх 850 зээлдэгчийн 537 ээлдэгч нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 313 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагджээ.
Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 38.9 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон байна.
2016 оны 9 дүгээр сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгосон ипотекийн зээл бүрдүүлжээ. Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.0 хувь буюу 127.6 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.0 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт тус тус ногдож байгаа юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
Dahiad hezee bvrtgel ywagdah we