Төв аймгийн Баянцагаан сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад оров

2016 оны 11 сарын 10

Төв аймгийн Баянцагаан сумын Төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч Д.Жанцанчойн нэрэмжит Соёлын төвийн барилгын нээлт боллоо.

Соёлын шинэ төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн, Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр тэргүүтэй албаныхан оролцов.

Одоогоос гурван жилийн өмнө, 60 гаруй жилийн түүхтэй тус сумын Соёлын төв шатсан байна. Үүнээс үүдээд сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах боломжгүй болсон. Тиймээс 2014 онд УИХ-ын дарга М.Энхболдыг Баянцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр шинэ Соёлын төвийг барьж байгуулах хүсэлтийг тус сумын иргэд гишүүндээ гаргасан байна. Тэдний хүсэлтийг М.Энхболд хүлээн авч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр ийнхүү Баянцагаанчууд шинэ Соёлын төвтэй боллоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Б.Саранчимэг хэлэхдээ аливаа аймгуудын хөгжлийн гол үзүүлэлт бол сумдын хөгжил байдаг. Энэ ч үүднээсээ сүүлийн жилүүдэд төр, засгаас сумдын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, сум бүрт Соёлын төвийг байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Үүний нэг илрэл нь Баянцагаан сумын шинэ Соёлын төвийн барилга юм хэмээн дурьдлаа.

Баянцагаан сумын шинэ Соёлын төв канад технологиор баригдсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top