Доллар болон юанийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх вэ?

2016 оны 11 сарын 11

Валютын ханш өссөнтэй холбоотойгоор олон нийт бухимдаж эхэллээ. Найман шаргад өчигдөр өглөө/2016.11.11/ нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байсан бол үдээс хойшдоо нэг ам.долларыг 2580 төгрөгөөр худалдан авч 2610 төгрөгт худалдаалж эхэлсэн юм.

Ам.долларын ханш өсөх шалтгаан нь эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл ноён долларын “ховрын бараа” болоод байгаа юм. Тэгвэл ханшийн энэ өсөлтөд тухайн орны экспорт, портын зөрүү, валютын нөөцөөс гадна зах зээл дээрх хүлээлт хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна.

Сүүлийн үед ихээхэн хэлбэлзэлтэй байгаа ам.долларын ханш ганц өдрийн дотор бараг 135 төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлт болоод байна. Мөн төгрөг түүхэнд байгаагүйгээр үнэгүйдлээ.

Нөхцөл байдлыг тандаж мэдэхээр “Найман шарга” арилжааны төвийг зорьсон юм. Өглөөний байдлаар доллар сурагласан хүмүүс нь солиулж байгаа хүнээсээ олон байх нь анзаарагдаж байлаа. Эргэн тойрны валют солих цэгүүдээс “Доллар байна уу” хэмээн асуухад бүгд л “Байхгүй” гэж хариулж байх юм. Түүнчлэн ханш нь богино хугацаанд хурдацтай өссөн юанийн олдоц ч бага байгаа гэсэн мэдээллийг өгч байлаа.

Ноён доллар болон юань ийнхүү галзуурах болсон цаад шалтгааныг тодруулахаар албан ёсны эх сурвалжуудтай холбогдоход тодорхой тайлбар өгч чадсангүй. Монголбанкны мэргэжилтэн энэ талаар “Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатын хэлсэн үг нийгэмд зохиомол хомсдол үүсгэхэд нөлөөлсөн байж магадгүй. Монголбанкны зүгээс арилжаанд оролцоогүй” гэснээс өөр тайлбар өгөхийг хүссэнгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат ирэх саруудад долларын хомсдол үүсч магадгүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь өнөөдрийн ханшийн өсөлтийн шалтгаан  байж мэдэх гэнэ.

Б.Учрал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(222.121.67.82) 2016 оны 11 сарын 12

AH.iin hulgaich nartai bvren hamaaraltai ediin zasgiig elgeeren hebtvvleed zailtsgaasan AH iin buzruud hariutsalgiin vvreh estoi

0  |  0
Top