Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн “Анхдугаар чуулга” уулзалт боллоо

2016 оны 11 сарын 14

2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн “Анхдугаар чуулга” уулзалт 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд төрийн ордонд боллоо.

Япон Улсын Хоккайдо мужийн хувьд дөрвөн улиралтай уур амьсгалын хувьд Монголтой төстэй. Өвөл цас их унадаг учраас өвлийн спорт хөгжсөн. Мал, аж ахуйн салбар түлхүү хөгжсөн муж юм. Мөн хоккайдочууд хонины мах хүнсэндээ их хэрэглэдэг. Тиймээс манай оронтой ахуйн хувьд маш төстэй гэдгээрээ онцлогтой. Эдгээр ижил төстэй давуу талуудаа ашиглан харилцан хамтарч ажиллах үүднээс Хоккайдо-Монголын эдийн засгийг дэмжих нийгэмлэгийг байгуулжээ. Тус нийгэмлэгийн тэргүүнээр Саппора хотод Монгол Улсын консулын албыг хашдаг Тэкэбэ Цүтомү ажилладаг юм байна.

Монгол-Хоккайдо арьсан эдлэл, тэжээлийн үйлдвэрлэл, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон салбаруудад хамтран ажиллаж боломжтой. Энэ ч үүднээс анхдугаар хурлаа хийж цаашдын хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг харилцан ярилцжээ.

Тус уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Худалдаа тээвэр, хэвлэл дизайн, гар урлал, даатгал, газар тариалан, банк, худалдаа үйлдвэрлэл, барилга угсралт зэрэг олон арван салбарын төлөөлөл оролцсоны зэрэгцээ орон нутгаас Баянхонгор аймгийн баялаг бүтээгчид хүрэлцэн ирж анхдугаар чуулга уулзалтад оролцов.

Чуулган дээр УИХ дахь Монгол-Японы бүлгийн парламентын дэд дарга Л.Болд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ Монгол-Япон хоёр улс эдийн засгийн чиглэлээр харилцан хамтарч ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлээд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед 2014 онд Монгол-Хоккайдогийн хамтын ажиллагааны суурийг тавьж хамтарч ажиллах өргөн бололцоо байгааг олж харснаа дурдаж байсан юм. Цаашид хоёр орны томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэсэн зорилго төлөвлөгөөн дор ажиллах болно. Тухайлбал, Япон улс нь эрүүл мэнд, рашаан сувиллын чиглэлээр хөгжүүлж дэлхийд танигдаж улмаар аялал жуулчлалын салбарт нь ч эерэг нөлөөллийг үзүүлж байдаг. Үүнийг бид төсөл болгон хэрэгжүүлж болох бөгөөд анхдугаар чуулга уулзалтад Баянхонгор аймгаас олон хүн оролцож байгаад баяртай байна гэдгээ анхдугаар чуулга уулзалтын үеэр хэллээ.

Мөн энэ оны есдүгээр сард Хоккайдогийн 23 хүний бүрэлдэхүүнтэй томоохон бизнес эдийн засгийн төлөөлөгчид манай улсад уулзалт зохион байгуулж олон чиглэлээр ажиллах боломжийн талаар ярилцсан. Тухайлбал Хоккайдод ашигладаг техник технологийг нэвтрүүлэх, банк санхүүгийн харилцаа холбоотой ажиллах, мал аж ахуй гээд олон чиглэлээр ажиллах боломжтойг онцолсон. 

Дашрамд дурдахад Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн ажлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сард томоохон үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top