Шалгалтад бүдэрсэн цахилгаан шатуудыг түр хугацаагаар хаажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 14

Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

“Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан ажилладаг бөгөөд НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч ээлжит шалгалт хийсэн байна.

Тус шалгалтаар 8,11,12 дугаар багийн 14,15,16,10 дугаар байрны 2-р орц, 12,14,16 дугаар байрны ачаа ба хүн зөөврийн лифтнүүд хэвийн ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан бол наймдугаар багийн 14,15,16, 11-р багийн 14-р байрны техникийн өрөөнд аюулгүй ажиллагаа, хулгайгаас хамгаалсан төмөр хаалга, ажлын байранд шат, тавцан, хаалт хийх мөн техникийн өрөөний цонх солих шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарчээ.

11 дүгээр баг 10 дугаар байрны 1-р орцны цахилгаан шатны мотор тогны хэлбэлзлээс болж шатсан учир нийслэл рүү захиалга өгсөн байна. Мөн 12-р баг 16-р байрны цахилгаан шатыг 2013 онд шинэчилсэн, хүн тээврийн лифтний тросс 2014 оны 11 дүгээр сарын 26 болон 2015 оны зургаадугаар сарын 11-нд тус тус тасарсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж зогсоосон байдаг.

Түүнчлэн 16-н давхрын хүн ба ачаа тээврийн 2 ширхэг цахилгаан шатны замуудыг солих шаардлагатай ажээ. Цахилгаан шатыг ашиглаж гэртээ төвөггүй хүргүүлдэг хирнээ ашигласан төлбөрөө төлөхдөө иргэд хойрго хандаж байгаа учраас лифтний цахилгааныг таслах арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа талаар НААҮГ-ын инженер хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top