Байгууллагын ойр орчмын 50 метрт хальтирч, гэмтвэл тухайн ААН хариуцлага хүлээнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

Даваа гараг бүр хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Тус хуралдааныг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү удирдан явуулсан байна. Хурлын үеэр тэрээр, хэлтэс, албадын дарга нарт хэд хэдэн чиглэлд үүрэг, даалгавар өгчээ. Тухайлбал, цас их орж буйтай холбоотойгоор зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлэхээс гадна тусгай зориулалтын авто машиныг өдөржингөө А.Амарын талбайд ажиллуулахгүй байх хэрэгтэй гэлээ. Учир нь хотын захуудад авто замын цэвэрлэгээ маш муу байгаа тул цас хусдаг машиныг шаардлагатай газар нь ажиллуул гэв. Мөн цас ихтэй халтиргаа, гулгаатай байгаа онцгой газруудыг тодорхой болгож цэвэрлэ гэж Хот тохижуулах газар болон “Орхон-Азза” ТӨХК-т үүрэг болгов. 

Түүнчлэн хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд ойр орчмын 50 метрийн зам, талбайн цас цэвэрлэгээг хийх үүрэг хүлээдэг. Тиймээс дээрх үүргээ биелүүлэх талаар ААН-үүдтэй гэрээ байгуулахыг Баян-Өндөр сумын Засаг дарга болон ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст үүрэг болголоо. Хэрэв аливаа байгууллагын ойр орчмын 50 метр зайд хүн хальтирч бэртвэл шаардлагатай бүх төлбөрийг тухайн ААН-ээс гаргах ёстойг санууллаа. 

Мөн БОЭТ-ийн Төрөх тасаг болон шүдний кабинетэд хүлээгдэл их байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Уг асуудлыг шийдвэрлэх үүргийг БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагвад өгөв. 

Эдгээрээс гадна сүүлийн үед нийгмийн сүлжээ, сайтуудаар цацагдаж буй  гэмт хэргийн талаарх мэдээ нийгмийг цочирдуулж байгаа тул үүнд Цагдаагийн газар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top