Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт цас их орсон бөгөөд үүнтэй холбогдуулан гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг хариуцсан байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал, Хот тохижуулах газрын 145 ажилтан өглөө бүр 5 цагт цас цэвэрлэгээнд гарч байгаа аж. Тус газраас тусгай зориулалтын буюу цас түрдэг, хайрга цацдаг хоёр машин, портер машин хоёрыг дайчлан ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт тус газар нийт 2700 кг давс, 20 м3 хайргыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацжээ.
Улсын чанартай буюу аймаг, хот хоорондын А1001, 1002 дугаар авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг “Орхон АЗЗА” ТӨХК хариуцдаг. Тус компани хур тунадас их орсонтой холбоотойгоор хот хоорондын авто замын цас цэвэрлэгээг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт хариуцуулж, авто гридер, үйлчилгээний болон ачааны машин ашиглаж байгаа талаар Ерөнхий инженер нь мэдээллээ. Дээрх ажлын хэсгээс өчигдөр Их, Бага хөшөөтийн давааны зорчих хэсгийг цэвэрлэсэн байна. Энэ нь цааш Орхоны гүүр хүртэл үргэлжлэх юм. Мөн хотын төвийн авто замын цэвэрлэгээг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )