АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан тухайд монголчууд өнгөрсөн долоо хоногт сэтгэгдлээ илэрхийлэх нь олон байлаа. Гэсэн ч энэ нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар бодитой гаргалгаа хийсэн нь тун цөөхөн. Иймд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг олон улсын харилцаа судлаачийнх нь хувиар ярилцлагадаа урилаа. Түүнчлэн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт батлагдсан Монгол Улсын 2017 оны төсөв болон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан эдийн засгийг хямралаас гаргахын тулд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар, нийслэлийн ногоон бүс болон цэцэрлэг, сургуулийн талбайд газар олгохгүй байх хүсэлтийг тэрбээр нийслэлийн Засаг дарга Су.Батболдод өргөн барьж шийдүүлсэн тул энэ талаар нь ярилцлаа.
Дональд Трамп яллаа гээд АНУ эдийн засгийн бодлогоо 180 градус өөрчлөх боломжгүй
-Ярилцлагынхаа эхний асуултыг олон улсын харилцаа судлаач гэдэг мэргэжилд тань тулгуурлаж тавих нь цаг үеэ дагах юм болов уу гэж бодож байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Дональд Трамп ялалт байгууллаа. Та мэргэжлийнхээ үүднээс энэ сонгуулийн дүнг хэрхэн харж байгаа вэ. Манайхны хувьд АНУ-д ажиллаж, амьдарч буй ах дүү хамаатан садан, найз нөхдөдөө санаа тавьж буй харагдах юм?
-Юун түрүүнд АНУ-ын сонгууль гэдэг Америкийн дотоод асуудал гэдэг талаас нь харах хэрэгтэй. Хэнийгээ сонгох нь тэр ард түмний бүрэн эрх. Монгол Улс ард түмний итгэлээр сонгогдсон тэр хүнтэй л ажиллана. Хэн байх нь хамаагүй. Гол нь, улс төр, эдийн засгийн харилцаандаа одоогийн төвшингөө алдахгүй, өргөжүүлж явах нь чухал. Иймд дараагийн алхмаа хийхэд ямар ямар санаачилгыг бидний зүгээс гаргах ёстой вэ гэдэг арга тактикаа боловсруулж байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ чинь засаг солигдож байгаа асуудал. Үүнд тохирсон арга тактикаа бэлэн болгох хэрэгтэй. Нэн хурдан.
-Та тэгвэл ямар өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?
-Бизнесмэн хүн гарч ирсэн учраас хөрөнгө оруулалт тал дээр хэрхэн үр ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг чухалчилж үзэх хэрэгтэй. Тэр хүний бизнесийн туршлага нь өөрөө АНУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд боломж. Тэднийхээ эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь тэлэхийг чухалчлах болов уу. Тэр тэлэлтэд Монгол Улсыг багтаах, хамруулахын төлөө идэвх зүтгэл гаргахад одооноос бэлдмээр байна. Дэлхийн зах зээл Дональд Трампын ялалтад ямар хариу үйлдэл үзүүлэв гээд харахаар алт, зэсийн үнэ бага зэрэг унаснаа одоо өсөлт үзүүлээд эхэллээ. Энэ бол эерэг үзүүлэлт. Тэгэхээр үүнд таарсан ажил хэрэгч, бизнесийн саналаа манайхан эхнээсээ бэлэн болгох ёстой. Гадаад худалдааны чиглэлээр өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлаа бодсон байх ёстой. Хэдийгээр манай бүх саналыг дэмжих нь эргэлзээтэй ч гэсэн яриа хэлэлцээрт бэлэн болох хэрэгтэй юм. Ер нь бол улс төрийн байр суурь илэрхийлэхээс илүү бизнес, худалдааны чиглэлийн хамтын ажиллагаагаа ярилцвал манайд ашигтай тусах болов уу гэсэн бодол байна. Тэгэхээр шинэ боломж гэж харах нь л чухал юм.
-Манайхан Дональд Трампын хэлсэн “Монгол бол Азийн Мексик” гэсэн үгэнд нь их эмзэглэх шиг болсон?
-Би бол дипломатч хүн. Тэр утгаараа л асуудалд хандана. Сонгуулийн үеэр сэтгүүлч Цагаан хэрмийг Монголчуудын эсрэг барьсан тухай нэр дэвшигчид хэлж байсан. Энэ нь ялалтын төлөө явж байгаа хүний тэр үеийн арга тактик. Гэхдээ АНУ-ын гадаад харилцаа залгамж шинж чанараа маш сайн хадгалдаг. Тиймээс сонгуулийн үеэр яригдсан зүйлсэд онцгой ач холбогдол өгөх хэрэггүй болов уу.
–АНУ-ын сонгуулийн дүнтэй зэрэгцүүлж тавих нэг сэдэв бол сонгогчдын ч, улс төрийн ч чиг баримжааг тааварлах аргагүй болсны илэрхийлэл хэмээн үзэх хүн олон байна. Нэг ёсны ерөнхий төлөвийг хэлэлцдэг байсан олны хандлага, судалгаа нь өөрөө нэг өдрийн дотор сонгогчдын сэтгэл зүйг удирдаж чадахгүй байгаа тухай юм л даа?
-Таашгүй гэж хэлж болохгүй гэж бодож байна. Яагаад гэхээр ирээдүйг бид төсөөлөхдөө өнөөдрийг болтол ашиглаад ирсэн хуучин төсөөлөл, суурь аргачлалаасаа салах цаг болчихжээ гэдгийг хэлээд байна л даа. Аргачлалаа ийнхүү өөрчлөөд харвал Дональд Трампад харин ч ялах магадлал нь байсан. Би саяхан олон улсын харилцааны тогтолцооны шинэ загварын тухай нэлээн бичиж, ярьсан.
-Шинэ загвар гэдгээ тодруулахгүй юу?
-Ерөөсөө сүүлийн 20 жил хөгжиж ирсэн даяаршилд тулгуурлан тэлж ирсэн харилцаа эрс өөрчлөгдөөд ирлээ. 1990-ээд оноос хойш төлөвшиж ирсэн олон улсын харилцаа өөрийн эрхгүй энэ цаг үеэсээ хоцроод эхэллээ. Шинэ цаг үедээ таарахгүй болчихлоо. Иймд шинэ харилцааны загвар руу орох хэрэгтэй болж байна гэж бичиж байсан. Одоо яг тэр хандлага харагдаж байна. Тэгэхээр бид шинэ цаг үетэйгээ нийцүүлж харах өнцгөө өөрчилж асуудалд хандахгүй бол хуучнаараа хараад, хийгээд байж болохгүй болчихсон гэсэн үг. Үүний хамгийн том дохио нь саяын болж өнгөрсөн сонгуулийн дүн. Дэлхийн том давалгаа өөрчлөгдөөд явж байгаад бид бодлоготойгоор өөрсдийгөө зохицуулж сурах хэрэгтэй. Түүнээс бус дэлхийг бид өөрчилнө гэж байхгүй. Энэ нь нэлээн бүтээлч ажиллагааг шаардана. Монгол Улсын зүгээс шүү.
-Энэ чинь тэгвэл манай улсын бусад улс оронтой харилцах харилцааны зарим ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөх шаардлагатай болсон гэсэн үг үү?
-Харах шинэ өнцөг хэрэгтэй. Бахь байдгаараа, хуучнаараа манай улс жижиг юм чинь, бид ямар бусдад гэм хийх биш, бидэнтэй муудах орон байхгүй, бүгд сайн хандана гэсэн хуучин хэв маягаараа яваад байж болохгүй. Харин ч ингэж өөрчлөгдөж байгаа харилцаанд ийм байр сууринаас асуудалд хандвал бидэнд алдагдалтай. Харин аль нь илүү ашигтай байх нь вэ гэдэг тооцоогоо нэлээн нухацтай, шинэ өнцгөөс харах хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд Монгол Улсын олон улсын харилцааны уламжлалт бодлогыг алдаж болохгүй. Суурь үнэт зүйлсээ хадгалаад, шинэ арга барилыг заавал бодох ёстой гэсэн үг.
-Хиллари Клинтон, Дональд Трамп хоёр дээр Та мөрий тавьсан уу. Хүмүүс нэлээн мөрий тавьсан сураг байсан?
-Монгол Улс л ялах ёстой гэдэг байр сууринаас дипломатууд асуудалд хандана. Тэнд хэн нь ч ялсан бай, адилхан л америк хүн. Тоглоомын дүрэм шударга. Тэдний хэн нь ч байлаа гэсэн АНУ-аа өөд нь татна. Үүнтэй адил Монгол Улс хоёр орны харилцаанд адил эрхтэйгээр эрх ашгаа л чухалчлах хэрэгтэй. Тэгж гэмээ нь тоглоом шударга болно. Ийм өгөгдөхүүнтэй өргөн дээр АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх нь манай гадаад бодлогод тийм чухал биш. Харилцан ашигтай хамтарч ажиллах нь л чухал.
-Сонгогчдын сонголтын чиг хандлага өөрчлөгдөж байгаа тухайд. Та хариултаа дэлгэрүүлэхгүй юу?
-Үнэхээр өөрчлөгдөж байна. Энэ чинь дэлхий өөрчлөгдчихөөд байна гэдгийн дохио. Үүнийг харах ёстой. Цааш цаашдаа үүнийг бодолцож улс төр хийх ёстой гэсэн үг.
-Бизнесмэн хүн АНУ-ын Ерөнхийлөгч болсны давуу тал нь юу вэ?
-Тангараг өргөсөн л бол цаашид бизнесмэн биш болно. АНУ-ын Ерөнхийлөгч болно. Бүх асуудалд энэ байр сууринаасаа хандана байх. Тэгж ч ирсэн уламжлалтай. Харин худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал дээр тодорхой өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа АНУ-ын эдийн засгийн үндсэн салбартай өрсөлдөхүйц салбартай бусад улс орны харилцаанд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч таарна. Ер нь бол хүйтэн дайн дууссанаас хойшхи дэлхий ертөнцийн эдийн засгийн өсөлтийн загвар бол нээлттэй, чөлөөт өрсөлдөөд явах ёстой гэсэн зарчим дээр тулгуурлаж байсан. Хоорондоо аль болох чөлөөт худалдаа явуулахад чиглэсэн. Үүнийг хөгжлийн хөдөлгүүр гэж бодож байсан. Гэтэл сонгогчдын хандлага, олон нийтийн өөрсдийн эрх ашгаа хүндэтгэх тэр үзэл санаа нь өөрөө заавал даяаршаад хөгжих үү, үгүй юу. Үүн дотор улс орны өөрийн эрх ашиг, хаана байна вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Энэ бол сонгогчдын сонголт өөрчлөгдөх болсны үндсэн хүчин зүйл байх талтай. Гэхдээ тэглээ гээд даяаршлын загвараас татгалзаж болохгүй. Тодорхой хэмжээнд улс орны өөрийн эрх ашгийг бүгдийг задгай тавьж өгөх бус дотоод зах зээлээ хамгаалах бодлого явах шаардлагатай болсон гэж сонгогчид дүгнээд байна. Харин зөв үү, буруу юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Мэдээж үүндээ хэт автаад хоорондоо худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрс бууруулж, зөвхөн өөрийнхөө дотоод эдийн засаг дээр тулгуурлаж хөгжинө гэх юм бол энэ нь маш том зөрчил рүү хөтөлнө. Би тэгэхээр тэгэхгүй болов уу гэж бодож байна. Нэг ёсны огцом өөрчлөх гэхээс илүүтэй бүх зүйлээрээ даяаршина гэсэн тэр хуучин чиг хандлагаа бага зэрэг өөрчилж, улс орны өөрийнх нь дотоод эрх ашгийг хамтад нь тусгаж явах болов уу.
-Та тэгэхээр даяаршилд хэт найдах, энэ давалгаанд хэт автах бодлого аажимдаа суларч байна гэж дүгнэж байна уу?
-Даяаршил мэдээж хэрэгтэй. Ашигтай тустай хандлага, үр дүн олон бий. Жишээ нь, элэгний С вирусийг устгадаг Харвони эм байна. Хуучнаар бол энэ эмийг бүтээсэн орон нь зөвхөн өөрийн хил хязгаартаа л хэрэглэж, зөвхөн өөрийнхөө иргэдийг эрүүлжүүлэхийг чухалчлах байсан. Харин даяаршлын тус дэмээр АНУ-д үйлдвэрлэгдэхтэй зэрэгцээд монголчууд маань эх орондоо ууж, өөрсдийгөө эмчилж эхэлж байна. Энэ нь манайд ч, тухайн орондоо ч ашигтай. Наад зах нь, эмийнх нь борлуулалт нэмэгдэж, тэр хэрээр шинжлэх ухаандаа зарцуулах санхүүгийн эх үүсвэр нь баталгаажиж байгаа. Энэ бол нэг сайн тал нь. Гол нь зөвхөн сайн талыг нь харж явсаар байгаад сөрөг талыг нь анхаарахгүй үлдээсэн байна л даа. Энэ нь асуудал үүсгэчихсэн. Уг нь тэр сөрөг зүйлийг эхнээс нь олж харж, түүнийгээ эмнэх тал дээр анхаарал хандуулсан бол иргэдийн хандлага ингэж өөрчлөгдөхгүй байх байсан.
-Дональд Трамп цагаачдын хувьд хатуу бодлого барина. Хятад тэргүүтэй зарим орноос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулна гэх мэтээр ярьсан. Энэ бодлого нь хэрэгжлээ гэхэд манай улсад сөрөг нөлөө гэж байх уу. Аль эсвэл хаа холын Трамп хамаагүй гэж үзэх үү. УИХ-ын гишүүнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай ярих нь зарим нэг хүнд ач холбогдолгүй мэт санагдаж болно. Гэсэн ч манай улсын хамгийн идэвхтэй хамтрагч, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа гэдэг утгаар нь бодоход бас сонирхохгүй байхын аргагүй сэдэв шүү дээ?
-Үнэхээр хамааралгүй биш хамааралтай. Тэр дундаа даяаршсан ертөнцөд шүү. Яг манай улсад сөрөг нөлөөтэй юу гэдгийн тухайд би өөдрөгөөр харахыг хүсч байна. Америкийн эдийн засгийнх нь салбарт өрсөлдөөн бий болгодог эдийн засгийн салбартай орнуудтай явуулдаг бодлогод нь тодорхой өөрчлөлт гарна гэдгийг хэлсэн. Гэхдээ огцом 180 градусын өөрчлөлт гарахгүй болов уу. Яагаад гэхээр хүсээд ч тийм өөрчлөлт хийх боломж байхгүй. Харин тодорхой хэмжээний саармагжуулалт, удаашралд хөтөлж магадгүй. Тэр нь эргээд манайд сөргөөр нөлөөлж магадгүй. Гэхдээ одоо яг тэгнэ, ингэнэ гээд хэлэх боломжгүй юм.
-“Би өөдрөгөөр харахыг хүсч байна” гэдгийн тухайд?
-Энэ үгийг би тохиолдлоор хэлж байгаа юм биш. Бодит байдал дээр өөрөөр явчихаж магадгүй гэдгийг би үгүйсгэж чадахгүй байгаа учраас ингэж хэлж байна. Тухайлбал, сонгуулийн дараа алт, зэсний дэлхийн зах зээлийн үнэ өсч ажиглагдав. Олон улсын биржүүд дээрх хувьцааны үнэ ч эхлээд унаж байгаад өслөө. Мексикийн бараа бүтээгдэхүүн дээр 35 хувь, Хятадын бараа бүтээгдэхүүнд 45 хувийн татвар ноогдуулна гэж ярьж байсан. Тэрийг яг амьдрал дээр хийх үү, үгүй юү гэдэг нь том асуудал. Яагаад гэхээр худалдаа, эдийн засгийн харилцаа гэдэг чинь тодорхой тоон дээр үндэслэсэн тооцоо судалгаа, аргачлалаар шийдэгддэг асуудал. Тэгэхээр тооцоолж л үзнэ. Татвараа 45 хувь болголоо гэхэд хэн нь илүү хохирох вэ гэдэг чинь өөрөө асуудал. Энэ тохиолдолд АНУ-д ашигтай байхаас илүү хохирол үзүүлэх магадлал нь маш өндөр. Мэдээж ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй. Гэхдээ тэгэхгүй байх гэдэг тооцоолол нь байна. Худалдааны даяаршил дандаа л АНУ-д ашигтай хувилбараар явж ирсэн. Тэр хэрээр бусад улс орнууд даяаршлаас болж бид ажлын байраа алдлаа, алдагдал хүлээлээ гэдэг асуудлыг яриад эхэлсэн. Америк илүү өрсөлдөх чадвартай учраас эд баялгийн урсгал тэр улс руу тэмүүлдэг. Үүний хамгийн тод жишээ гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын өнгөрсөн жилийн мэдээллээс харахад дэлхийд хамгийн их хөрөнгө оруулалт татсан улс нь Америк л байсан. Энэ ашигтай байдлаа тарифын бодлогоо өөрчилснөөр хадгалж үлдэх үү, алдах уу гэдэг чинь асуудал. Яг энэ өнцгөөс нь харвал Америк тийм амархан өөрчлөлт хийхгүй байх. Би өөрөө худалдааны чиглэлээр олон жил ажилласан. Тэр утгаараа ийм өөрчлөлт хийнэ гэдэг маш хүнд гэж хэлэх байна.
Казиногоор эдийн засгаа аварна гэж ярих нь инээдтэй асуудал шүү
-Та бид хоёрын ярилцлага Монгол Улсын 2017 оны төсвийг УИХ-аар баталсан үед өрнөж байна. Иймд энэ сэдвийг тойрч өнгөрөх аргагүй нь тодорхой. АНУ-ын сонгууль дэлхийн асуудал байлаа гэхэд улсын төсөв бол манай асуудал шүү дээ. Харамсалтай нь, ирэх оны төсвийг хэмнэлтийн зарчмаа барьсан, алдагдлаа бууруулсан их сахилга баттай төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл бараг бахь байдгаараа батлагдлаа. Төсвийн алдагдал есөн хувьтай байж болохгүй. Бууруулах ёстой гэж байсан та бүхний санал цаасан дээр эцсийн хувилбараар буусангүй шүү дээ?
-Танах тал дээр би ч гэсэн хүссэн хэмжээнд хүртэл хассангүй гэж бодож байгаа. Төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэж байна гэдэг бол их өндөр тоо. Ийм алдагдал цаашаа үргэлжилж, цаанаа энэ хэвээр явна гэвэл Монгол Улс хэзээ ч хямралаас гарч чадахгүй. Засгийн газраас улсын төсвийн төслийг 9.8 хувийн алдагдалтай оруулж ирсэн. УИХ бололцооныхоо хэрээр танасаар байгаад 9.1 хувь дээр буулгасан.
-Та 0.7 хувийн л таналт хийж. Яалт ч үгүй хангалтгүй үзүүлэлт?
-Мэдээж хангалтгүй. Гэхдээ нэгэнт өсгөөд том болгочихсон зүйлийг ганц цавчаад таслаад хаяж болохгүй. Үе шаттайгаар явах хэрэгтэй. Үе шаттайгаар багасгах нь эдийн засагтаа нөхцөл байдалтайгаа зохицож хувьсах боломжийг олгодог. Бод л доо, иргэд ипотекийн зээлтэй байгаа. Гэтэл эдийн засгаа аврах гэж байна гээд шууд цавчаад, хэмнээд эхэлбэл тэд зээлээ төлж чадахгүй болно. Зээлээ төлж чадахгүй болохоор банкууд эрсдэлд орно. Банкууд эрсдэлд орохоор улс орны эдийн засаг улам хүндэрнэ. Энэ чинь эргэх холбоо. Би харин концесс дээр зоригтой хасах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан. Мөн 2020 он гэхэд цомхон төртэй, яамдын тоог ес болгоно, Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлагын хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн тэдэн хувийг хувьчилна гэдэг тодорхой зоригтой зорилтуудыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй байсан болов уу гэж бодож байсан. Ер нь төр гэдэг 180 мянган хүнтэй армийг багасгаад 100 мянга хэтрэхгүй болговол их хэмнэлт алсдаа гарна. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын цалин зэргийг бууруулах л хэрэгтэй байсан юм. Гэхдээ эхнээсээ хугацаатай (хоёр жилээр ч юм уу) хасах санал оруулж ирэх байсан юм.
-Гэхдээ зоригтой гэдэг үгэн дээр тань тулгуурлаад асуухад МАН засгийн эрх авахтайгаа зэрэгцээд “Цалин бууруулна. Тэтгэмж хасна. Иргэд минь тэсвэр тэвчээртэй бай. Хүлээ. Өөр арга зам алга. Бүсээ чангал” гэдэг үгийг УИХ-ын гишүүд ч, Засгийн газар ч хэлж байсан. Гэсэн ч хоёр сар хүрэхгүй хугацаанд бүх өгөгдлүүд хуучин мөрдөж ирсэн журам, дүрмээрээ батлагдаж байсан. Ийм шийдвэрийн араас тодорхой зорилт, зорилго, зоригтой шийдлийг ярих нь илүүц, үр дүнгүй хэрэг биш үү?
-Үнэн. Гэхдээ нэг далайлтаар бүх зүйлийг шийдэх гэж үзвэл бид бүх юмаа алдана. Одоо бол эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ бүх юмаа алдчихаагүй байна. Тэгэхдээ мэдээж их хүндрэлтэй. Ийм үед бодлогогүйгээр бүх зардлаа танана гэвэл ажилгүйдэл хэр хэмжээнд хүрэх вэ, банкны муу зээлүүдийн төвшин ямар хэмжээнд очих вэ энэ бүхнийг бодох хэрэгтэй. Тэгэхээр огцомдоно гэдэг бүхнийг илааршуулах бус унагах аюултай. 36 сарын тэтгэмжийн асуудал байна. Шууд хасахаар оруулж ирсэн. Бод л доо, хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарах тухай бодож эхлэхдээ би 36 сарын тэтгэмж авна. Түүнийгээ аваад гарна гэдэг шийдлээ гаргачихсан байхад нь шууд хасна гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүмүүсийг авах ёстой мөнгөө авах боломжгүй болтол эдийн засгаа доройтуулсан нь төрийн буруу. Тэр хүмүүсийн буруу биш. Төр бодлогогүй явсны буруу. Энэ буруу үйл ажиллагааныхаа ачааг иргэдэд үүрүүлж болохгүй. Харин аажимдаа тэтгэвэрт гарах хүмүүст олгох ёстой тэтгэмжийг өөрчилж, ажилласан жилтэй нь уях хэрэгтэй. Өнөөдөр гарах гэж байгаа хүмүүсийн мөнгийг цаг тулгаж зогсоож болохгүй.
-Та тэгвэл ирэх оны төсвийн гол алдааг нь юу гэж харж байгаа юм бэ. Зоригтой шийдэж болох, шийдэж болохгүй зүйлс бий гэдгээсээ үндэслээд тайлбарлахад?
-Төрийн албанд илүү их хэмнэлт хийж болох байсан. Тэвчиж болох их олон хөрөнгө оруулалт байсан. Үүнийг хэмнэж чадаагүй. Нийгмийн шинж чанартай халамжуудын төлбөрөөс заримыг нь хойшлуулах хувилбар байж болох байсан. Харамсалтай нь, тэгж чадсангүй. Манайхан шууд төлнө, төлөхгүй гэдэг хоёр хатуу байр сууринаас хандаад байна. Үүнийгээ менежменттэй болгож, төлбөрийг цаг хугацааны хуваарьт оруулах талаас сайн ажиллаж чадсангүй.
–Эдийн засгийн өсөлтөө гурван хувиар төсөөлсөн байсан. Энэ хямралын үед чамлахаар төлөвлөгөө биш байх. Гэхдээ “Энэ өсөлтөндөө хүрч чадах уу” гэдэгт хэн ч тодорхой, эерэг тайлбар өгөхгүй байгаа?
-Наадах чинь л харин асуулт. Дөнгөж сая би дэлхий өөрчлөгдөж байна гэж ярьсан. Ийм үед эдийн засаг огцом өсдөггүй. Тэр өөрчлөлтөд дасах гэж дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд удааширдаг. Энэ нь лав л манай экспорт дээр нөлөөлнө. Гаднаас орж ирэх орлогод сөргөөр нөлөөлөх талтай. Сүүлийн жилүүдэд дандаа өөдрөгөөр төсөөлж ирсэн. Гэсэн ч тэр төсөөлөлд хүрч өсөөгүй. Дандаа унасан. Хэрэв энэ маягаараа өсөлт удааширч, гурван хувьдаа эдийн засгийн өсөлт хүрэхгүй бол төсвийн алдагдал ес байтугай хувьд хүрч өснө.
-Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргах онцгой төлөвлөгөө боловсруулж, УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ төлөвлөгөө дээрх сэдэвтэй холбогдож таараа. Та тэр төлөвлөгөөнөөс итгэл найдвар олж харсан уу. Казино байгуулна. Мега төслүүдээ хөдөлгөнө гэх мэт олон зорилт дэвшүүлсэн байсан?
-Том төслүүд хөдлөх ёстой. Энэ үнэн. Тэр бол бодитой зах зээлтэй, хөрөнгө оруулагчтай. Бид өөрсдөө хөрөнгө оруулагчаа үргээчихгүй, буруу зүйл ярихгүй бол хөдлөхийн хувьд хөдөлнө.
-Үргэх эрсдэлтэй гэж үү?
-Үргэнэ. Үргэхэд амархан. Одоо ер нь бол үргэчихсэн байгаа.
-Үлдсэн хэдээ үргээхгүйн тулд ямар үг хэлж болохгүй вэ?
-Маш олон бодлого байна. Наад зах нь, татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, гаалийн татварыг нэмэх гэх тал руугаа яриад эхэлбэл байдал эвгүй болно. Сүүлдээ улс орноор нь харгалзаж, тэр орон таалагддаг, энэ улс таалагддаг учраас хамтарна гэх мэтээр ялгаварлаад яриад эхэлбэл бүр хэцүүднэ.
-Эсрэгээрээ ямар тохиолдолд тэд эргэн ирэх вэ, Монголд?
-Харилцан ашигтай эрх ашиг. Ерөөсөө л энэ. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийнх нь баталгаат байдал, ашгаа олчихоод аваад гарах боломж нь найдвартай, урьдчилан харах, тооцоолох нөхцөл нь тодорхой байх ёстой. Хүн ашгаа авч гарахын тулд л хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манайхан үлдээх ёстой гэсэн зарчмаар асуудалд ханддаг. Дэлхийн аль ч улс оронд тийм жишиг байхгүй. Оруулсан хөрөнгө дээрээ ашгаа хийгээд Монголд ноогдох ашгаа өгөөд өөрийнхөө хөрөнгө оруулалтыг ашигтайгаа хамт аваад гарахын тулд л тэд орж ирж байгаа.
-“Хөрөнгө оруулагчид Монголын баялгийг аваад гардаг. Хүнийрхүү сэтгэлтэй. Ийм хөрөнгө оруулагч хэрэггүй. Монголд үлдэж байгаа юм алга” гэдэгт та тэгвэл ямар тайлбар өгөх вэ?
-Монголд үлдээгүй гэж хэн хэлж байгаа юм бэ. Би 1994 онд сургууль төгсч ирсэн. Тэр үед Улаанбаатар хотод машины түгжрэл битгий хэл цөөхөн машин байсан. Өнөөдөр ямар байна. Улаанбаатар хотын гудамж хангалттай өөрчлөгдсөн. Энэ олон барилгыг барих мөнгө хаанаас орж ирсэн юм бэ. Бид байгаа зүйлээ үнэлэх хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа алдаад дууслаа гэдэг. Бид бүтээгдэхүүнээ зарж оронд нь мөнгө авсан. Тэр мөнгөөр машинтай, барилгатай, хөрөнгө оруулалттай болсон. Энэ чинь дэлхийн худалдааны жирийн жишиг. Хоосон, үнэгүй юуг ч зараагүй. Одоогийн баялгаа байнга байсан юм шиг үнэлэхгүй байна. “Гадагшаа үнэгүй өгөөд байна” гэдэг зүйлээ одоо болих хэрэгтэй. Австрали, Канад, Америк, Чили, Индонез бүгд уул уурхайн хөрөнгө оруулалтаар хөгжсөн. Уул уурхайгаа хөгжүүлэхгүй гээд зэсээ идэх юм уу. Нүүрсээ идэх үү. Ингэж болохгүй. Өнгөрсөн бүх хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүн үнэгүй гадагшаа гараагүй. Харин үнийн хувьд нааш, цааш нь ярих ёстой. Өөрөөр үнэгүй бэлэглэсэн нэг ч баялаг манайд байхгүй.
-Казино байгуулах замаар эдийн засгийн хямралаас гарна гэсэнтэй та санал нийлж байгаа юу. Манай улсын хувьд казино яриад эхлэхээр үр дүн нь нэг л таагүй төгсдөг хандлагатай. Үүнийг сүжиг, сэжиг гэж үзэх аргагүй. Гэхдээ бодит нөхцөл байдал нь өөрөө их хэцүү санагддаг?
-Би казиногийн эсрэг биш, гэхдээ ач холбогдлыг нь хэт өсгөж ярихыг ёстой аргаа барсан, хийх юмаа олж ядсан зүйл гэж бодож байгаа. Сүүлдээ эдийн засгаа сайжруулах төсөл гэж харж байна гэдэг бол арай л дэндүү хэрэг.
-Яагаад, энэ чинь Засгийн газрын тун чухал зорилгын нэг шүү дээ. Дээр нь, морин тойруулгын уралдаан гэж бас байгаа?
-Манай улсад өнөөдөр бодитой ганц зүйл нь алт, нүүрс, зэс маань харагдаж байгаа явдал. Үүн рүү хөрөнгө оруулалт хийгээд худалдааныхаа гэрээ хэлэлцээрийг өөрчилж чадвал эндээс ашиг олж чадна гэдэг нь тодорхой. Харин хасах 35 хэмийн хүйтэнтэй манайд бол морин тойруулгын уралдаан боллоо гэхэд монгол морио л уралдуулах тухай ярина байх. Өөрөөр, Европын морийг оруулж ирээд уралдуулна гэвэл лав л өвөл уралдахгүй. Тэгэхээр гурван сар л ажиллана гэсэн үг. Морин тойруулгын уралдаанаар бүхэл бүтэн эдийн засгаа аварч, гурван сая хүнээ тэжээнэ гэж ярих ийм жижигхэн улс юм уу. Би үнэхээр гайхаж байгаа. Казино байгуулаад хямралаас гарна гэж байна. Ийм юм ярьж болохгүй байхгүй юу.
-Гайхах хэрэггүй байх. Учир нь, энэ бол Засгийн газрын хямралаас гарах төлөвлөгөөний нэг хэсэг нь. Асуултаа дэлгэрүүлээд тайлбарлахад Казино байгуулах тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл дээр нэг казиногийн тендерийн эрхийг 35 тэрбумаар тогтоосон байсан. Ингэснээр Замын-Үүд болон Алтанбулагийн чөлөөт бүсийн хил дээр хоёр, хоёр казино байгуулснаар дээрх мөнгийг дөрөв нугалж эхний ээлжинд олох тооцоо бий. Мөн жилдээ 75-140 орчим тэрбумыг олох төлөвлөгөө дагалдаж байгаа. Энэ Засгийн газрын төлөвлөгөө ч үүн дээр хөтлөгдөж таараа. Нэг ёсны мөнгө олох хялбархан арга юм байна гэж бодох хувилбар бас байж болно шүү дээ?
-Яахав, Монгол Улс том орон биш байж болно. Гэхдээ хоёр казино байгуулснаар эдийн засгаа аврах хэмжээний жижиг улс биш шүү. Та бодоод үз. Хоёр казино байгуулах эрх өглөө гэж. Араас нь казиногоо барьж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, эхний ээлжинд тусгай зөвшөөрлөө 35 тэрбумаар олгож, явцын дунд татвар авлаа, авлаа гэхэд Оюутолгойгоос олж байгаа хэмжээний орлогыг олох уу. Энэ чинь “Эрдэнэт”, “Оюутолгой”-той харьцахааргүй бага мөнгөний тухай асуудал байхгүй юу. Тэр бүү хэл, Эрдэнэт, Оюутолгойтойгоо бид эндээ хямарчихаад байгаа биз дээ. Тийм байхад энэ хоёр ордоос харьцуулахгүй олон дахин бага орлоготой казиногоор яаж Монгол Улсыг аврах юм бэ.
-Та үнэнээр нь хариулаарай. “Энэ саналаас таныг ичиж байна гэж ойлголоо” зөв үү?
-Ичээгүй. Би казиногийн эсрэг үзэлтэн биш. Гэхдээ төлөө нь ч бас биш. Харин казиногоор эдийн засгаа аварна гэж байгаа бол энэ харин инээдэмтэй асуудал шүү. Энэ бол ардаа казинод хөрөнгө оруулалт хийж, бизнес хийе гэсэн хүмүүсийн л хөөрсөн яриа байх.
-Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байсан шүү дээ?
-Дэмжсэн. Казиногоо байгуулаад явах нь асуудал биш. Гол нь “Казино байгуулахаа миний Монгол Улсын эдийн засгийг аврах авралын төлөвлөгөө” гэж битгий ярь л даа. Би Монгол Улсаа тийм жижигхэн орон гэж бодохгүй байна. Тэгээд үүний цаана амжилттай явах уу, үгүй юу гэдэг нь өөрөө бас асуудал.
-Яах вэ, нөгөө муу нэртэй хөрөнгө оруулагчдаа тоглоно гэж итгэж байгаа байлгүй дээ?
-Жаахан нүдээ нээмээр байна. Яг ийм казиног Лаос, Бирм хоёр Хятадын хил дээр барьсан. Хоёулаа ажиллахгүй байгаа. Хятадын авлигатай тэмцэх бодлого маш хатуу болсон. Үүнийг дагаад гадагшаа явж казино тоглох тохиолдол их ховор болсон. Тэр битгий хэл Хятадын нэг хэсэг болсон Макаод ч казиногийнх нь бизнес удаашралд орчихсон байгаа. Авлигатай тэмцэх хатуу зорилт нь тэгж өөрийнх нь орны бизнесийг удаашралд оруулж, хааж байхад Монголын хил дээр хятадууд ирж тоглох уу. Нэг ёсондоо хэрэгжихэд маш хэцүү. Гол нь Монголыг хөгжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт яасан ч биш. Тэгээд ч хэдхэн жилийн өмнө “Энэ байж болохгүй” гэж хаагаа биз дээ. Тэгчихээд одоо буцаагаад нээнэ гэж байна. Бид өөрөө өөрсдийгөө, үзэл бодлоо, төрийн бодлогоо хүндэтгэдэг болох хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагчдад бидний хэлэх үг үнэ цэнэгүй болж байна. Өнөөдөр “Нээ” гэж нээлгэчихээд маргааш “Хаа” гээд хаалгахыг үгүйсгэх аргагүй. Дээр нь, казиногийн талаар надад нэг хувийн бодол байдаг. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ бол маш бага хугацаа. Энэ нийгэмд хүн борви бохисхийхгүй хөдөлмөрлөж байж амжилт олж, сайхан амьдардаг. Гэтэл энэ сэтгэхүйг арайхийж ойлгох гэж байтал хажууд нь казино байгуулаад “Ёндоо байгаад аз хүү байвал нь та гэнэт баяжиж болно” гэсэн сэтгэлзүй төрүүлбэл аюултай. Энэ аюул казиногоос олох мөнгөнөөс хамаагүй хохиролтой байж болно. Мэдээж бизнес хөгжих ёстой. Гэхдээ зөвхөн нэг бизнес дээр ингэж хамаг найдвараа тавьж болохгүй. Тэр дундаа казино дээр шүү.
-Харин гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэхийн тухайд?
-Оруулж ирэх хэрэгтэй. Цаг үе нь өөрөө шаардаж байна шүү дээ.
МОНГОЛЫН ТӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТУШАА БОЛЧИХООД БАЙНА
-Та Барилга, хот байгуулалтын сайд байх үедээ “Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болголоо” гэж зарлаж байсан. Гэтэл хэрэгжилт нь тодорхойгүй явсаар өнөөдөр эргээд 30 хувь байна гэсэн шийдвэр гарсан байна лээ. Таны эдийн засгийн тооцоолол зөв байсан уу?
-Уг нь шийдвэр гарчихсан асуудал. Даанч хэрэгжилтийн төвшинд улстөржүүлээд зогсоосон. Гэхдээ одоо барилгын компаниуд 10 хувийн урьдчилгааг нь аваад, 20 хувь дээр нь өөрсдөө баталгаагаа гаргах замаар ипотекийн зээлд оролцоод явж байна. Энэ бол хэрэгжих боломжтой байсны баталгаа. Тооцоолол зөв байсны илрэл. Үнэндээ ипотекийн зээлийг зогсоовол Монгол Улс шууд унана. Яагаад гэхээр эхлүүлж болдог юм байдаг ч зогсоож болдоггүй юм байдаг. Үүний нэг нь ипотекийн зээл. Хүмүүс байраа алдахыг хүсэхгүй байгаа учраас энэ төрлийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй байдаг. Төр 200 тэрбумын баталгаа гаргалаа гэхэд энэ нь хэрэглэгдэхгүй ч байж болно. Гэхдээ бид 30 хувийг хэвээр үлдээж зөвхөн 20 хувийн баталгаа гаргах тухай ярьж байсан шүү. Боломжтой нь 30 хувиа төл, энэ хувь дарамт болж байгаа хүмүүс нь 10 хувиа төлөөд, төрөөс баталгаа гаргая л гэсэн. Ер нь бол аливаа шийдвэр өөрөө залгамж шинж чанартай, урт удаан хугацаанд баталгаатай хэрэгждэг байх хэрэгтэй. Зах зээл гэдэг хүлээлтийн тухай ойлголт. Хүлээлтэд эерэг хариулт өгч байх ёстой. Гэтэл казино бариад л том эдийн засгаа аварна гэж ярьж байна. Энэ чинь бидний сэтгэлгээ логикгүй яваагийн илрэл байхгүй юу.
-Уучлаарай. Энэ бол МАН буюу таны гишүүнчлэлтэй намын байгуулсан Засгийн газраас гарсан санал. Хатуу ч гэсэн үнэн нь энэ шүү дээ?
-Харин тийм би тэрийг шүүмжилж байна. Шүүмжлэхдээ бүтээе хийе гэж байгааг нь биш, ганц хоёрхон зүйл дээр бүх нийгмийн ачааллыг үүрүүлэхээ боль гэж байгаа юм. Одоо манайхан бүх төслөө мега төсөл гэж ярихаа болих хэрэгтэй. Манай мега төсөл гэж байгаа чинь ердөө л 4-5 их наядын л тухай яриа. Тэгэхэд сая Самсунг Note-7-гоо буцаагаад татахад 5-6 тэрбум ам.долларын тухай асуудал яригдаж байна. Маш олон бүтээгдэхүүнээсээ ганцханыг нь эргүүлэн татахад шүү. Манай Монголын бүх мега төслөөс том юм яригдаж байна гээд бод л доо. Тэгсэн хирнээ Samsung Galaxy Note 7-гоо мега гэхгүй байгаа биз дээ. Тэгэхээр яалт ч үгүй сэтгэхүйгээ, харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болчихсон гэдгийг бид дотроо ойлгомоор байгаа юм.
-Таны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын албыг тус бүр хашиж байсан. Улс төрийн гэхээс илүүтэй төрийн албаны туршлагатай гэж үзэж болно байх. Энэ хэрээр таны санаа бодолд өөрчлөлт орж байна уу?
-Би сүүлийн олон жилийн турш Монголын төр Монголын эдийн засгийн тушаа болчихоод байна гэдгийг хэлж, ярьж ирсэн. Улсын үйлдвэрийн газрууд гэдэг бол хулгай нүүрлэсэн газар гэдгийг ч ярьж байсан. Би гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирэх чиглэлээр хамгийн их ажилласан. Манайд 2012 онд жилдээ дөрвөн тэрбум ам.доллар гаднаас орж ирж байсан. Одоогийн ханшаар найман их наяд төгрөг. Чингис, Самурай бондыг нийлүүлснээс их мөнгө. Хөрөнгө оруулалтын хувьд ямар ч эргэн төлөлтийн дарамт байдаггүй байсан. Гэтэл тэр хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан. Оронд нь эргэн төлөгдөх шаардлагатай зээл авсан. Маш их харамсдаг. Барилга, хот байгуулалтын сайд байхдаа салбараа хүн төвтэй бодлоготой болгохоор олон ажил эхлүүлсэн.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувиар Богд уул тойруулан дахин газар олгохгүй тушаал гаргаж байсан байх аа. Сая бас нийслэлийн ногоон бүс, цэцэрлэг сургуулийн газрыг олгуулахгүй байх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад өргөн барьж, шийдвэр нь ч бас маш хурдан гарлаа?
-Байгаль орчны багц хууль гээд 30 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Сая УИХ-ын гишүүн болсноосоо хойш хотын төвд байгаа ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор газар олголтод хориг тавьж өгөөч гэдэг хүсэлтийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболдод тавьсан. Өнгөрсөн долоо хоногт энэ хүсэлт шийдвэр болж гарлаа. Сургууль, цэцэрлэгийн газарт байшин барилга барих асуудалд хориг тавиач гэсэн. Хотын дарга маш хурдан шийдвэр гаргаж, баталгаажуулсанд баяртай байгаа.
–УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэг ярилцлага манай сонинд нийтлэгдсэн. Тэнд “Одоогийн УИХ-д Н.Энхбаяр даргын 47 дүү нь байна. Би тоолж үзсэн. Одоо тэр хүмүүс Н.Энхбаяр даргыг яахыг харна” гэсэн байна билээ. Таныг мэдээж оруулж тоолсон байх. Та үүнд эгдүүцэхгүй биз дээ. Ярилцлагынхаа төгсгөлд танаас асууна гэж төлөвлөсөн байсан юм. Хариулт өгөх үү?
-Яалаа гэж эгдүүцэх вэ. Би Н.Энхбаяр даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн шүү дээ. Тэр үед хийж байсан ажлаараа бахархдаг. Их олон эерэг, түүхэнд ул мөрөө үлдээсэн олон сайн зүйлийг бид хамтдаа хийж чадсан. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш анх удаа Монгол Улсад айлчилж байсан. Үүний ард маш их дипломат үйл ажиллагаа явж байж бүтдэг. Хөшигтийн хөндийн онгоцны буудал баригдаж байгаа биз. Үүний ард мөн л асар их дипломат, улс төрийн үйл ажиллагаа явагддаг. Мянганы сорилтын санд Монгол Улс хамрагдах болсон. Ерөнхийлөгч Жорж Буш “АНУ тусламжийн бодлогоо өөрчилнө” гэж хэлэхэд л бид эндээ яриад, нөхцөл байдлыг маш сайн мэдэрч ажиллаж эхэлсэн. Үр дүн нь наад зах нь Чойроос Замын-Үүд хүртэлх замыг энэ сангийн шугамаар барьсан. Бахархалтай сайхан дурсамж надад бий дээ. Би ер нь бол аль ч хүнтэй ажилласан сэтгэлээсээ, тэр хүний нэр хүндэд эергээр нөлөөлөх үр дүнд хүргэхийн тулд ажилладаг. Би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөхөөр ч ажиллаж байсан. Тэр үед монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах хөтөлбөрт явуулах ажлыг хэрэгжүүлж, хөөцөлдөж байсан. Тэр үед маш их улс төрийн шүүмжлэл гарч байсан. Зориг гаргаж, ажиллаж байсан. Одоо Монгол Улсын нэр хүндийг энэ ажиллагаа маш өндөрт өргөж байна. Би ер нь бол Монголын төр над шиг жижиг хүнийг тоогоод ажиллуулж байгаад маш их баярлаж явдаг юм шүү.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Г.ОТГОНЖАРГАЛ /inder.mn/
Сэтгэгдэл ( 0 )