Иргэдийг хохироосон барилгын компанид хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

 

Дорноговь аймагт энэ сарын 17-нд “Орон сууц-Эрүүл, аюулгүй тав тухтай амьдралын баталгаа” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагуудаас гадна төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд, СӨХ-ы төлөөлөл, барилгын зарим компанийн инженер, техникийн ажилтнууд, оршин суугч гэх мэт нийт 90 орчим хүн оролцсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр 131, 137, 150, 151, 140, 135, 136 дугаар байрны оршин суугчдаас шинээр баригдсан орон сууцны ашиглалтад явцад чанараас шалтгаалан гарч буй эвдрэл гэмтэл, халаалтын асуудал хэзээ бүрэн шийдвэрлэгдэх талаар асуулт тавьж, холбогдох албаны хүмүүс хариулт өгөв.

Мөн аймгийн ИТХ-ын даргын зүгээс Барилгын тухай хууль, салбарын эрх зүйн актыг чанд мөрдөж ажиллах, барилгын явцын хяналтыг сайжруулах, Замын-Үүд суманд барилга барих газар олгохдоо ерөнхий төлөвлөгөөг баримталж ажиллах, асуудлыг шийдвэрлэхдээ нийтийн эрх ашгийг эхэнд тавих, иргэдийн зүгээс орон сууц худалдан авахдаа гэрээний нөхцөлтэй сайтар танилцаж, чанарт сайн анхаарах, иргэдийг хохироосон хариуцлагагүй компанид арга хэмжээ тооцох, хар жагсаалтад оруулах, иргэдийг мэдээллээр хангах, барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд иргэдийн эрх ашгийг хамгаалсан байгууллагын төлөөлөл оруулах, захиалагчийн хяналтыг ГХБХБГ-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг төрийн байгууллагууд болон иргэдэд өгсөн юм.

Хэлэлцүүлгийн дараа ГХБХБГ-аас Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй 3 СӨХ-ны удирдлагуудтай уулзаж, санал солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд “Зу-Зу” СӨХ-ийн харьяа Шүүхийн 149 дүгээр байранд гүйцэтгэгч “Билэгт багана” ХХК-ний инженер н.Оюунсүрэнг байлцуулан үзлэг шалгалт хийж гарсан эвдрэл гэмтлийг ирэх оны тавдугаар сард багтаан засварлуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБ хотын иргэн(66.181.185.152) 2016 оны 11 сарын 19

Мөн тооцож харагдаа ч. Тэгвэл МАН- ын Л.ЧИНБАТЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫГ НУРААЖ ЧАДАХ УУ. ХООСОН БҮҮ СҮРЖИННЭЭ Ч...

0  |  0
Top