Дорнод аймаг өвөлжилт хүндрэх хамгийн их эрсдэлтэй аймгийн тоонд багтжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 19

Дорнод аймгаас гамшиг тохиолдсон эсэхийг тодорхойлох мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг  үндэслэн тус аймгийн Онцгой комисс хуралдаж,  МУ-ын Онцгой комиссын даргад өвөлжилт хүндэрч байгаа талаар мэдээлэл өгч, ажлын хэсгийг аймагтаа ажиллуулах хүсэлт тавьжээ. Ийнхүү ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирлагын газрын дарга Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн сумд руу очин нөхцөл байдалтай нь танилцаж зудын эрсдлийг хэрхэн даван туулах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Дорнод аймгийн хувьд өнгөрөгч аравдугаар сарын 3-наас эхлэн давхардсан тоогоор 16-17 удаагийн давтамжтай  цас орсны улмаас цасны зузаан 11-20 см зарим сумдаар 25-30 см хүрчээ.  Тус аймагт гарсан Хаврын түймрээс болж өвсний гарц муу байсан бөгөөд намар орой бороо их орж байсан нь хөрсөндөө шингэж амжилгүйгээр цочир хүйтэрсний улмаас их цасны дор мөстжээ. Үүнийг цаг уурын байгууллага цагаан зуд хэмээн тайлбарласан байна. Онцгой комиссын ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн Баян-уул, Цагаан-овоо, Сэргэлэн сумдад ажиллажээ.

Дорнод аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил 96.6 хувийн биелэлттэй байна. Гэсэн хэдий ч өвөлжилт хүндэрч буй энэ үед аймаг орон нутгийн зүгээс бололзоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч зарим зүйлийн туслалцааг үзүүлэхийг  Улсын онцгой комиссоос хүсчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Дорнод аймгийн Чойбалсан, Баян-Уул, Баяндун, Халхгол, Хэрлэн, Булган, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумд хамгийн их эрсдэл ихтэй, цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй газруудаар цас олон жилийн дунджаас ахиу орж, агаарын температур хүйтэн байх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top