Дархан-Уул аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд болон Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба зэрэг холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 22-ноос сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.
Тус аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж буйтай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим нэгэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготойгоор ийн ажиллах юм. Энэ үеэр бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан, нягтыг тодорхойлох, малчин өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, явуулын эмийн сангаар үйлчлэх, малд үзлэг тандалт хийх, малчин, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг сонсох юм байна.
Мөн тугалын элгэвч нэмнээ, сонин сэтгүүл, тэжээл, дулаан хувцас, хөвөнтэй бээлийг зэрэг малчдад шаардлагатай эд зүйлийн дэм өгөхөөс гадна Хонгор, Шарын гол сумын малчдад нийт 160 шуудай буюу 4 тн тэжээлийг хүргэхээр төлөвлөсөн тухай аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд мэдээллэв.
Сэтгэгдэл ( 0 )