Асуулт: Би АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн нягтлан бодогчоор саяхан ажилд орсон. Манай урд нь ажиллаж байсан нягтлан надад гадагшаа мөнгө шилжүүлэхдээ 20%-ийг суутган авч татварт төлөх ёстой гэж хэлсэн боловч би энэ талаар хуулиас уншаад олж харсангүй, энэ талаар надад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Хариулт: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд: “17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар: а/Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого; б/хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр; в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого; г/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого; д/Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого” гэж заасны дагуу Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс Монгол улсаас эх үүсвэртэй орлогод 20%-ийн албан татвар ногдуулан суутган авч төлнө.
Тухайн гадаад улстай Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээртэй эсэхийг нягтлах шаардлагатай бөгөөд хэрэв гэрээтэй бол гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Асуулт: Манайх Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд санхүүгийн тайлангаа 4 сарын 1-нээс дараа оны 4 сарын 1-нээр тооцон тайлагнаж явуулдаг юм. Гэтэл Монгол улсад тайлант хугацаа өөр байдаг гэх юм, аль хугацаагаар тайлагнах нь зөв бэ, энэ талаар хэлж өгөөч?
Хариулт: Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ажуйн нэгж нь Монгол улсын хуулийг дагаж мөрдөнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд: “21.2.”Татварын жил “ гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуанлийн жилийг ойлгоно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд: “10.1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасан тайлант хугацаагаар тайлагнана.
Асуулт: Манайх Хөвсгөл аймагт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа, 2016 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр ямар нэгэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үү?
Хариулт: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ 19 дүгээр зүйлд: “19.12.Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасаналбан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэсэн заалтанд хамаарахаар байгаа боловч мөн хуулийн “19.13.Доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчид энэ хуулийн 19.12-т заасан хөнгөлөлт үзүүлэхгүй: 19.13.1.ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах” гэж заасны дагуу таны үйл ажиллагааны төрөл нь татварын хөнгөлөлтөд хамаарахгүй байна.
Асуулт: Би нэг аж ахуйн нэгжийн 70 хувийн хувьцааг дангаараа эзэмшиж байгаад хувьцаагаа зарсан. Татвар хэдэн хувиар төлөх вэ?
Хариулт: Та хувьцаа борлуулсан татвар ногдуулах орлогооХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд:“...20.1.2.хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь” гэсний дагуу тодорхойлон уг хуулийн 23дугаар зүйлд: “23.1.Энэ хуулийн ...20.1.2-20.1.5...-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэсний дагуу татвараа төлнө.
Асуулт: Буриад улсын иргэн Монгол улсад байнга оршин суугч Доржиев галт зэвсэг өмчилж, эзэмшиж болох уу?
Хариулт: Монгол улсын Галт зэвсгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд:“15.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж болохгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Та зээл авах шаардлагатай юу? AT 3% Шаардлагатай бол Тиймээ. Бүх хариултыг хуулж, энэ имэйлд илгээнэ үү wenzelronaldjoseph@gmail.com wenzelronaldjoseph@gmail.com Бүрэн нэр .......... Төлбөрийн хэмжээ: .......... Зээлийн хугацаа:. ......... Нас: .......... Улс .......... Мэргэшил .......... Утасны дугаар ..... ..... Вензел Роналд Иосеф