Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор өнөөдөр /2016.11.20/ аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор, Шарын гол суманд ажилласан юм.
Ажлын хэсэгт Шарын гол, Хонгор сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээн албаны мэргэжилтнүүдбагтаж, аймгийн Улаан Загалмайн хороо хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэнэмийн багц, аймгийн Засаг даргын нөөц сангаар худалдан авсан хивэг, нүүрс, 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын утасны жагсаалт, цаг үеийн мэдээллийг багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг хүргэлээ. Мөн малчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн юм.
Тэд Хонгор сумын 5 дугаар бригад, Бага сэртэнд өвөлжиж буй айлууд, Шарын гол сумын Углууд, Хар чулуут, Хаалгачид өвөлжиж байгаа нийт 32 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцаж, малчдын санал хүсэлтийг сонслоо. Одоогоор өвөлжилт хэвийн, малын тарга хүч сайн гэдгийг малчид хэлж байсан юм.
Мөн үеэр малын бэлчээр дэхь цасны зузаанд хэмжилт хийлээ. Цасны зузаан 16 см, нягт нь 0,18 гр см3 байсан юм. Цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд цасан бүрхүүлийн хэмжээг олон цэгт тодорхойлж дундажыг гаргах аж. Ингэснээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 7 хоног тутамд малчдын утсанд мэдээллэх давуу талтай юм.
Дашрамд мэдээллэхэд: Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах дөрвөн ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор сумын 017, Төмсний бригад, Дархан Түлээт, Цавын гуу, Шийр, Лагар, Аргалын гарам, Хустайн давааны ар, Салхит, Эрхэт урд номгон орчмоор нутаглаж буй айлуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан.
Харин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хонгор сумын Хонгорын нуруу, Нам даваа, Зэдрийн булаг, Могойн гол, Хүйтний голын малчин өрхүүдээр орж эд материалын болон эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )